Хорио цээрийн дэглэм зөрчсөн Шинэ Зеландын сайд огцорчээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-07-02 12:08:22

ВЕЛЛИНГТОН. /TASS/. Коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг хоёр ч удаа зөрчсөн Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд Дэвид Кларк албан тушаалаасаа огцорлоо гэж “Otago Daily Times” сонин мэдээлжээ.


Түүний огцрох хүсэлтийг Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн хүлээн авсан байна. Есдүгээр сарын 19-нд болох парламентын сонгууль хүртэл эрүүл мэндийн салбарыг Боловсролын сайд Крис Хипкинз хариуцан ажиллах аж.


Гуравдугаар сарын 25-нд Шинэ Зеландад бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосны дараа Дэвид Кларк тусгаарлах дэглэмийг хоёр ч удаа зөрчжээ. Тэрбээр цэцэрлэгт хүрээлэнд дугуйгаар зугаалж, наран шарлагын газар гэр бүлээрээ салхинд гарсан аж. Тухайн үед Шинэ Зеландын Ерөнхий сайд түүнийг огцруулаагүй бөгөөд хорио цээрийн дэглэмийг зөрчсөнийх нь төлөө хавсран хашиж байсан Сангийн сайдын туслахын албан тушаалаас чөлөөлж, сайд нарын танхим  дахь зэрэг зиндааг нь доошлуулсан байна.


Шинэ Зеландын бүх нутаг дэвсгэрт гуравдугаар сараас хойш хэрэгжиж байсан хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тус улсын Засгийн газрын тэргүүн зургадугаар сарын 9-ний өдөр цуцалжээ.


Холбоотой мэдээ