“Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе" шашин соёлын зан үйл болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-12 00:07:21

Дархан хотод Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу энэ сарын 14-нд Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдэд өглөө 05-06 цагийн хооронд Сожон буюу нэг өдрийн сахил хүртээх зан үйл явагдаж улмаар өдрийн 12 цаг хүртэл Бурханд ус, цэцэг, хадган тахил өргөх бол бүтэн өдрийн турш “Бурхан багшийн Рэнсрил” буюу лагшингийн шүтээнд мөргүүлж Ганжуур, Данжуурын гороо хурах юм.

Мөн өдрийн 14 цагт Бурханы шашны болон түүний ТББ-уудын хандиваар хийсэн аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын тасагт “Хүүхдийн өрөө”, “Үзлэгийн өрөө”-г  тохижуулснаа хүлээлгэж өгнө.

Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчлэн хийд, Дархан-Уул аймаг дахь Хараагийн дарь-Эх ламын Гэцог Даржаалин хийдээс хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд Гандантэгчлэн хийдийн Олон нийттэй харилцан албаны дарга Ж.Одгарьд, Хараагийн Дарь-Эх ламын Гэцог Даржаалин хийдийн хамба лам Ж.Мөнхсүх нар оролцсон юм.

Гандантэгчлэн хийдийн Олон нийттэй харилцан албаны дарга Ж.Одгарьд:-“Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 14-нд тохиож байна. Монголчууд энэхүү их дүйчэн өдрийг  1990 оноос хойш тэмдэглэж байна. Энэ удаагийн их дүйчин өдөрт зориулсан томоохон ажлууд Улаанбаатар хот болон Дархан хотод явагдаж Бурханы шашны мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээхийн зэрэгцээ бурхан багшийн сургаалыг танин мэдүүлэх чиглэлээр ажилладаг бурханы шашны төрийн бус байгууллага, төвүүд хамтарч ажиллана. Энэ ажлыг Монгол хүний шашин шүтэх эрхийг сэргээсэн 1990 оноос хойш Бурхан багшийн Их Дүйчин өдөр хэмээн гэгээрэл, бясалгал, нигүүлсэл, өв соёлоо эрхэмлэх оюуны соёлын өдөр болгон 16 дах жилдээ тэмдэглэж байна" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Энэ үеэр мөн тус аймаг дахь “Алтангэрэл Судар төв”-д Алтангэрэл судрын уншлага болох бол үргэлжлээд орой 18 цагт Дархан хотын “Залуучууд театр”-т “Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж энэ үеэр “Бурхан багшийн Рэнсрил” буюу лагшингийн шүтээнийг залж мандал өргөнө.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, “Жавзандамба хутагт төв”-ийн номын багш, гавж Д.Нямсамбуу “Ёс суртахуун хөгжлийн гарц”, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, Д.Лувсанжамц “Бурхан багшийн намтар, цадиг” сэдвээр тус тус лекц унших зэргээр сүсэгтэн олонд зориулсан шашин соёлын цэнгүүн болох ажээ.

 

                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ