Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороо байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-25 14:46:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог тус намын ҮБХ-ны 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Энэ талаар Ардчилсан намын гишүүн Б.Ган-Эрдэнэ өнөөдөр танилцууллаа. 


Тэрбээр, Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу ээлжит сонгуулийн дүн гарч ялагдал хүлээсэн даруй намын удирдлагууд огцордог дүрэмтэй хэмээн тодотгоод, энэ дүрмийг хангуулах, хяналт тавих үүрэгтэй тус түр хороог байгуулж байгаа гэдгийг тайлбарлав. Тус нам 2020 оны УИХ-ын сонгуульд урьдчилсан дүнгээр 11 суудал аваад байгаа юм.


Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, "УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгээр Ардчилсан намыг шинэчлэгдээд ир гэсэн даалгаврыг ард түмэн өгсөн. Өчигдрийн сонгуулийн дүнгээр шинэчлэгдэж, чадаагүй гэдгийг харууллаа. Монгол Ардын намд сэтгэл хангалуун байгаад иргэд сонгоогүй. ЖДҮ, Концесс, 60 тэрбум, хар жагсаалт гэх мэт асуудал бий. Ардчилсан нам тэр бүхнийг сөрөх сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байна, дотоод ардчилалгүй байна гэдэг үнэлгээг ард түмэн өглөө. Тиймээс бид намаа эрс шинэчлэх ёстой. Монголын ардчилалдаа хайртай олон иргэд энэ явдалд сэтгэл дундуур байгаа" хэмээв. 


Мэдэгдэлд, "УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр Ардчилсан нам 11 суудал авч хоёр сонгууль дараалан ялагдал хүлээлээ. Ардчилсан намыг олон жил дэмжиж, ардчилалд итгэж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй явдал боллоо. Ардчилсан намын гишүүд бид энэ явдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд цаашид хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй, Bонголын ардчилалд чухал ач холбогдолтой гэж үзэн Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулснаа үүгээр зарлаж байна. Түр хороо дараах ажлыг хийхээр зохион байгуулсан болно. 

Үүнд, 

1. Ардчилсан намын үндсэн дүрмийн 3.10.1.2.1-т заасны дагуу намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг 2020 оны 06 дугаар сарын 24-ний орой огцорсныг ажлын тав хоногт буюу 2020 оны 07 дугаар сарын 1-нд багтаан албажуулах асуудлыг Ардчилсан намын үндсэн дүрмийн хороо хийж чадах эсэхийг хянах, 

2. Ардчилсан намын үндсэн дүрмийн 3.10.1.2-т заасны дагуу намын Үндэсний бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах, хянах,

3. Ардчилсан намын дүрмийн хэрэгжилт, дотоод ардчилалыг хангуулахтай холбоотой бусад ажлыг зохион байгуулах, түр хорооны зохицуулагч нарыг 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулав" гэжээ.

Холбоотой мэдээ