Завхан аймгийн нийт сонгогчдын 63.8 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-24 19:06:14

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт 17.00 цагийн байдлаар 63.8 хувьтай байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан тоогоор тус аймгийн хэмжээнд 47933 сонгогч санал өгөхөөс одоогийн байдлаар 30250 сонгогч саналаа өгөөд байна. Улиастай сум 11250 сонгогчийн тоогоороо хамгийн их буюу, Асгат сум 609 сонгогчийн тоогоор хамгийн бага байна. Сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулж байгаа. Тиймээс мэдээлэл технологийн баг болон мэдээлэл технологийн даамлууд, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд, цагдаагийн албан хаагчид болон цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд гээд нийт 1717 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцож байна. Тиймээс иргэд саналаа өгөхдөө төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлж эмх цэгцтэй саналаа өгөхийг хүсэж байна. Одоогоор санал авах явцад хэсгийн хороонуудад элдэв маргаан зөрчил гараагүй байна хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв. Сонгуулийн ирцийн мэдээллийг аймгийн Сонгуулийн хороо 23.00 цагаас дахин өгөхөөр болов. 

Холбоотой мэдээ