Аймгийн Цагдаагийн газраас мэдэгдэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-22 13:50:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас “УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт нэр дэвшигч Ш.Раднаасэдийн нэрийг эргүүлэн татахаар боллоо” гэсэн олон нийтийн сүлжээнд тавигдсан нийтлэлийг худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж, тус аймгийн Ардчилсан намд хариуцлага тооцно гэлээ.


Тодруулбал, зургаадугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Ардчилсан нам өөрийн цахим хуудсандаа “УИХ-ын сонгуулийн тавугаар тойрогт нэр дэвшигч Ш.Раднаасэдийн хууль зөрчсөн үйлдэл нь Цагдаагийн газрын шалгалтаар тогтоогдсон тул нэр нь татагдахаар боллоо” гэсэн мэдээллийг нийтэлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас орон нутгийн хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэлээ. Уг мэдээлэлдээ: “УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчдээс маш олон гомдол ирсэн. Зургаадугаар сарын 20-ны өдөр манай газраас Говь-Алтай аймгийн Ардчилсан намаас ирүүлсэн гомдлыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу шалгаж байгаа тухай албан тоот хүргүүлсэн. Уг албан тоотод: Танаас ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авч, ГМ-645 дугаарт бүртгэн шалгаж шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж 2020 оны 06 сарын 12-ны өдөр зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа болно” гэсэн утга бүхий мэдээллийг тусгасан. Гэтэл энэхүү албан тоотыг Говь-Алтай аймгийн Ардчилсан намаас мушгин гуйвуулж сонгогчдын саналыг татах зорилгоор олон нийтэд худал мэдээлэл тарааж байна. Нэр дэвшигчийн нэрийг татах эрхзүйн зохицуулалт нь уг шалгасан гомдол мэдээлэлд байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иймээс худал мэдээлэл тараасан Ардчилсан намын цахим хуудас эзэмшигч болон холбогдох хуулийн этгээдэд хариуцлага тооцно” хэмээн тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахмад Л.Гантулга албан ёсоор мэдэгдлээ.


Холбоотой мэдээ