С.Өлзийбаяр: Өсвөр насны хүүхдүүдэд ээлтэй орчинг бүрдүүлж ажиллахыг зорьдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-17 10:43:38

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн өсвөрийн үеийн кабинет 2018 оноос орон тооны эмчтэй болсноор НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн сайдын а/399 тоот тушаалын дагуу өсвөр үеийн кабинетаа стандартын дагуу тохижуулсан бөгөөд уг кабинет нь сургалтын хэсэгтээ 15-20 хүүхэд хүлээж авах, зөвлөгөө өгөх болон хүлээлгийн танхимтай, эмчийн үзлэгийн өрөөтэй өсвөр үеийнхэнд зориулсан ээлтэй орчинг бүрдүүлсэн байна. Тус кабинет нь жилд дунджаар 1000 гаруй өсвөр үеийнхэнд зөвлөгөө мэдээлэл хүргэдэг тухай Өсвөр үеийн кабинетийн эмч  С.Өлзийбаяр ярьж байна. 


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай кабинет ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Анх аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2008 оноос Золбоо төв нэртэйгээр Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн санхүүжилтээр байгуулагдан ажиллаж байсан. Энэ үед өсвөр үе залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үе тэнгийн сургагч багш бэлдэх, мэдээлэл сургалт сурталчилгаа хийх, ганцаарчилсан болон утсаар зөвлөгөө өгөх, шаардлагатай хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмч нарт холбож өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж байсан бол 2018 оноос орон тооны өсвөр үеийн эмчтэй болж ажилласан. Өсвөр үеийн эмчтэй болсноор нарийн мэргэжлийн болон урьдчилан сэргийлэх үзлэг хийх мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр  давхар хосолсон үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

-Танай кабинетаар үйлчлүүлж байгаа өсвөр үеийнхэнд тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Манай кабинетийн үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг шилжилтийн насанд гарах өөрчлөлтүүдийн талаар эцэг эхчүүд нь  дагуулж ирж зөвлөгөө авч ярилцдаг. Мөн 16-18 насны охид, хөвгүүд үерхэл нөхөрлөлийн талаар зөвлөгөө авахаар ханддаг.

Өсвөр үеийнхэнд тулгамдаж байгаа асуудал нь өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар, сэтгэлзүйн асуудлууд байдаг.

-Өсвөр насныхантай ярилцахад өөрт тулгарч байгаа асуудлаа нээлттэй ярилцаж чаддаг уу?

-Хүүхдүүд мэдээ мэдээллийг хаанаас ч авах боломжтой болсон цаг үе. Тиймээс өсвөр үеийн кабинет, итгэлтэй утас болон цахим хуудсаар дамжуулан мэдээ мэдээлэл, зөвлөгөө авч байгаа. Өсвөр үеийнхэн нээлттэй харилцаж, өөрт тулгамдаж байгаа асуудлынхаа талаар мэдээлэлтэй байдаг боловч дадал хэвшил болгох тал дээр дутмаг байдаг учраас энэ талаар түлхүү зөвлөгөө авдаг. Мөн дийлэнх хүүхдүүд эцэг эхчүүдтэйгээ ярилцаж чаддаггүй нуугдмал, асуудлаа илэрхийлэх, ярилцах нь ховор болохоор тэр тал дээр манай кабинетаар үйлчлүүлж  ганцаарчилсан зөвлөгөө авдаг бөгөөд найз нөхдөө дагуулж ирж бие биедээ туслах тохиолдол ч бий. Тиймээс үе тэнгийн сургагч багшаар дамжуулан бидэнтэй харилцаа үүсгэдэг.

-Үе тэнгийн сургагч багш нарын талаар?

-Өсвөр үеийнхэн найз нөхөдтэйгээ илүү их ярилцан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрт тулгарч байгаа асуудлаа их ярилцдаг. Тиймээс 2008 оноос аймгийн төвийн сургууль тус бүрээс 9 дүгээр ангиас эхэлж хүүхдүүдээ сонгож бэлтгэдэг. Үе тэнгийн сургагч багш нар 3-4 хоногийн сургалтад хамрагддаг бөгөөд сар бүр чадавхжуулах сургалтдаа хамрагдаж явдаг. Эдгээр багш нар маань  2-3 жил ажиллаад ЕБС-ийг төгсдөг болохоор дараагийн сургагч багшаа бэлтгэдэг.

-Үе тэнгийн сургагч багш нарын зорилго нь?

-Үе тэнгийн сургагч багш нар үе тэнгийнхэндээ эрүүл мэндийн чиглэлээр сургалт сурталчилгаа хийж, өсвөр үеийнхэнд шаардлагатай тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй тохиолдолд өсвөр үеийн эмч, сэтгэлзүйчтэй холбож өгөх нэгэн гүүр болон ажилладаг онцлогтой.

-Өсвөрийн үеийн кабинетийн цаашдын зорилго юу вэ?

-10-19 насны өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйчилгээ үзүүлэх, эрүүл аж төрөх дадал хэвшлийг эзэмшүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах зорилготой. Мөн өсвөр үеийн эмчийн үзлэг, сэтгэлзүйн зөвлөгөөг итгэлтэй утсаар болон ганцаарчилсан байдлаар хүргэдэг.

-Танай кабинеттай холбогдох утас, цахим хаягийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэвэл?

-Төв аймгйин Өсвөр үеийн кабинет пэйж цахим хуудсаар болон 7027-3293 утсаар дамжуулан үнэгүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

-Цахим хаягийн хандалт хэр байна. Хүүхдүүд утасны цаанаас ярилцах, уулзаад ярилцахад ялгаа их байдаг уу?

-Манай пэйж хуудас 700 гаруй дагагчтай. Хүүхдүүд утасны цаанаас ч чөлөөтэй ярилцдаг. Уулзаад ганцаарчилсан зөвлөгөө авахдаа эхлээд бүх зүйлээ шууд ярилцаж эхэлддэггүй. Бид ч хүүхдүүдтэй шууд асуудлыг нь ярилцахаас илүү түүний сонирхол, гэр бүлийн хүрээлэл гэх зэргээс ярилцаж эхэлдэг. Хүүхдүүд бидэнд итгэж ирж үйлчлүүлж байхад айдасгүй ээлтэй орчинг бүрдүүлэхийг хичээдэг. Мөн бид цахим хуудсаар дамжуулан үнэн зөв мэдээллийг түгээхийг зорьдог.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ