Жилд дунджаар 250 хүнд амьдрал бэлэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-16 12:16:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цусны салбар төв жилд 100 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж жилд дунджаар 250 хүнд амьдрал бэлэглэж байна.


Аймгийн Цусны салбар төвийг 1967 онд үүсгэн байгуулсан бөгөөд анх найман донортойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан ба түүнээс хойш тус салбар төвөөс нийт 30 хүндэт донор төрөн гарснаас өдгөө 18 нь цусаа бэлэглэж байгаа ажээ.

Цусны салбар төвийн эрхлэгч Ц.Лхагвасүрэн “Сүүлийн жилүүдэд цусны хэрэглээ ихэсч буй учир донорын тоо нэмэх шаардлага бий. Тиймээс бид шинэ донорын тоог нэмэгдүүлж, хуучин доноруудаа идэвхжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Манай салбар төв жилд 50-70 хүн шинээр донорын эгнээнд нэгдүүлж, амь бэлэглэх ариун үйлсийг өргөжүүлэн ажиллаж байна. Аймгийн салбар төвийн тулгын чулууг нь тавилцаж байсан ахмадууд, мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олон болоод үе үеийн хүндэт донорууддаа “Дэлхийн цусны донорын өдөр”-ийн мэндийг хүргэлээ.


Холбоотой мэдээ