Хотын зуслангийн бүсээс 32 толгой тарвагыг нүүлгэн шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-06-15 15:19:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газар Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс 32 толгой тарвагыг барьж нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшууллаа.

Энэ ажлыг ХААИС, “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ зэрэг мэргэжлийн байгууллагын оролцоотой хамтран хийж, Зоонозын өвчин судлалын Үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалгажээ.

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор тарваганы тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрөх, мөн хүн ам оршин суугаа газар тарваган тахал өвчин гарах эрсдэл өндөр болжээ. Энэ талаар ЗӨСҮТ-өөс  анхааруулсаар ирсэн байна. Иймд нийслэлийн Байгаль орчны газраас тарвагыг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж байна. Ингэхдээ тарвага тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхийг байгаль хамгаалагчтай хамтран судалж байна.


Анх 2017 онд нийслэлийн Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 102 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу барьж өөр газар нутагшуулж байв. 

Манай улсад тарвагыг нүүлгэн шилжүүлж нутагшуулах ажлыг тогтмол хийж байна. Үүний өмнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эгийн даваа орчмоос 50 толгой монгол тарвагыг барьж Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Угалз-Тарамцагийн нуруу” Будант, Гурван овоотын бүс нутагт сэргээн нутагшуулжээ. Мөн Говьсүмбэр аймгийн нутаг “Чойрын Богд” уулын Улсын тусгай хамгаалалттай газрын бүс нутагт  50 толгой монгол тарвага нутагшуулжээ. Мөн Дорнод аймгийн Булган, Цагаан-Овоо, Баян-Уул, Гурванзагал сумын нутагт нутагшуулж байв. 


Тодруулга: Нийслэлийн нутаг дэвсгэрт 2016 онд хийсэн зэрлэг амьтны тархац, нөөцийн судалгаагаар 51 зүйл хөхтөн амьтан, 227 зүйлийн шувуу бүртгэгджээ. Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан аж. 


Холбоотой мэдээ