Хонконгийн хэрэгт Их Британи хөндлөнгөөс оролцож байгаад сэтгэл дундуур байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-06-13 12:14:15

БЭЭЖИН. /Xinhua/. Хонконгийн хэрэгт Их Британийн Засгийн газар хөндлөнгөөс оролцож байгаад сэтгэл дундуур байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам баасан гарагт мэдэгджээ.


"Хонконгийн хэрэгт зөвшөөрөлгүйгээр хөндлөнгөөс оролцох нь манай улсыг үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах үйл явцыг түргэвчлэхэд анхаарахаас өөр дүнд хүрэхгүй” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин Их Британийн Засгийн газар Хонконгийн талаарх зургаан сар тутмын тайланг пүрэв гарагт  гаргасантай холбогдуулан мэдэгдсэн байна.


“Хонконгийн хэрэг нь Хятадын дотоод хэрэг бөгөөд үүнд гадаадын Засгийн газар, байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох эрхгүй” гэж тэрбээр хэлээд, Их Британид Хонконгийг хянах ямар ч эрх, үүрэг байхгүй гэдгийг онцолжээ.


Мөн Хятад улс засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах хуулийн төслийн талаарх албан ёсны байр сууриа удаа дараа тодорхой илэрхийлсэн гэж Хуа Чуньин хэлсэн байна.


“Манай улсын Засгийн газар “нэг улс, хоёр систем” бодлогыг баримталж, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалж, Хонконгт урт хугацааны турш хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг цогцлоох үүрэг хүлээсэн гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


“Хонконг бол Хятадын нутаг дэвсгэр. Их Британи бодит байдалтай эвлэрч, Хятадын тусгаар тогтнол, аюулгүй хийгээд нэгдмэл байдлыг хүндэтгэж, Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоох хэрэгтэй” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ