Мөрөн сумын ЕБС ногоон төгөлтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-12 21:55:48

Хэнтий /МОНЦАМЭ/ Мөрөн сумын сургуульд JCI Mongolia ОУБ-ын Эко салбар, Их хүрээ салбар хамтран таван сая төгрөгийн өртөг бүхий 200 ширхэг модны суулгацыг хандивлалаа. Тус хамт олон сургуулийнхаа баруун талд эдгээр суулгацыг тарьж, бяцхан төгөлтэй болохоор төлөвлөжээ.

Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн нэрэмжит Мөрөн сумын есөн жилийн сургууль нь эко сургуулийн болзлыг ханган, байгальд ээлтэй зүүн бүсийн сургууль болох зорилго тавьсан байна.

Тус сургуулийн хамт олон шатрын дугуйлан, номын сангийн иж бүрэн танхим, дуу хөгжмийн анги, урлаг спортын заалыг тохижуулан, сургалтын тухтай орчинг бүрдүүлэхээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа ажээ. Мөн эко сургууль болохоор зорьж буй ажлын хүрээнд их засварын ажил хийж байгаа бөгөөд ирэх намар дуусах юм.

Ташрамд дуулгахад, JCI Mongolia Эко салбар нь “Залуу ой” төслийг гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд Богд хан уулын дархан цаазат газарт мод тарьсан туршлагадаа тулгуурлан хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдийг түшиглэн ногоон байгууламж бүтээх ажлаа өргөжүүлж байгаа ажээ.

JCI буюу Junior Chamber International байгууллага нь 18-40 насны идэвхтэй иргэдийн олон улсын төрийн бус байгууллага юм. Тус байгууллага 117 оронд нийт 200,000 гаруй гишүүнтэй, 105 жилийн түүхтэй. Монгол Улсад үүсгэн байгуулагдаад 28 жил болж байгаа бөгөөд 15 салбартай үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр салбар дундаас Их хүрээ, Эко салбар нь байгаль эх дэлхий, ногоон байгууламж, ногоон дэлхийн төлөө үйл ажиллагаа чиглүүлэн ажилладаг байна. Их хүрээ салбарын зүгээс 2020 онд манлай гурван төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэг цэцэг Нэг дэлхий” төслийг Хэнтий аймгийн Мөрөн сумын ЕБС-д хэрэгжүүлж ийнхүү модны суулгац, тасалгааны цэцэг хандивласан байна.


Холбоотой мэдээ