Норовлин суманд шинэ соёлын төв барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-12 22:07:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Норовлин суманд 400 хүний суудалтай шинэ соёлын төвийн барилгыг барьж байна. 

Өнгөрсөн хавар тус суманд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллах үеэр иргэдийн зүгээс шинэ соёлын төвтэй болох хүсэлтийг олноор ирүүлжээ. Иймд хүсэлтийг хүлээн авч шинэ соёлын төвийн барилгыг 4 тэрбум төгрөгөөр 2020- 2021 онд барьж дуусгахаар улсын төсөвт тусгуулсан байна. Барилгын ажлыг Г.Чинбаяр захиралтай “Си Эйч Би Жи Констракшн” ХХК гүйцэтгэж байна. 

Уг соёлын төв 400 хүний үзэгчдийн танхим, бүжгийн заал, бүжгийн багшийн өрөө, номын сангийн фондны өрөө, уншигчдын танхим, орон нутаг судлах танхим, жүжигчдийн өрөө, хөгжмийн өрөө, хөгжмийн багшийн өрөө, архивын өрөө, ажилчдын өрөө, дуу бичлэгийн студи, сургалтын танхим, эрхлэгчийн өрөө, хүлээлгийн танхим, кофе шоп, касс, хувцасны өлгүүр, гэрэлтүүлгийн өрөө, проекцын өрөө, шумны өрөөтэй. Мөн зоорийн давхарт урлагийн хувцас хадгалах өрөө, мужааны өрөө,угаалгын өрөө, 1, 2-р давхарт 6 бие засах өрөөтэй, гадна бүжгийн талбай, авто машины зогсоол, зам, гаднах гэрэлтүүлэг зэргийг багтаасан зураг төсөвтэй барих юм.

Уг соёлын төвийн барилгыг 1999 онд аж ахуйн аргаар барьсан дүнз модон байшин бөгөөд соёлын төвийн зориулалт стандартын дагуу биш, өрөө тасалгаа хүрэлцээгүй, номын сангийн уншигчдын танхим, номын фондын өрөө, орон нутаг судлах танхим, бүжгийн бэлтгэлийн өрөө, хөгжмийн багшийн өрөө танхимгүй байжээ.

Холбоотой мэдээ