Малчны хотонд орчин үеийн тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-12 16:45:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний эрүүл мэндийн чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд мобайл технологийг нэвтрүүлэхээр тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд тус аймгийн Галт, Жаргалант, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд мобайл технологийг нэвтрүүлж, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.  

Сумын эмч нар малчны хотонд алслагдсан бүс нутагт интернэт болон цахилгаан ашиглахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх гэнэ. Долоо хоног цэнэгээ бүрэн барих эхо аппарат 10 төрлийн оношлуур хурдавчилсан тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгө оруулалт 150 сая төгрөгөөр дээрх сумдад нийлүүлж байна.

Тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар  сумын эмч нарт сургалт зохион байгуулж Нэгдсэн эмнэлгийн эмч нар дадлага сургууль хийж зөвлөгөө өглөө. Үүний үр дүнд малчид алслагдсан иргэдийг үнэ төлбөргүй оношилж, хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх боломж бүрдэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр хэлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ