Ахмадуудын сэргээн засах буюу Геронтологийн төвийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-06-11 23:15:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулж, өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх Геронтологийн төвийг байгуулахаар тусгагдсан аж. Энэ дагуу улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутагт анх удаа ахмадын сэргээн засах буюу Геронтологийн төв байгуулж нээлтээ хийлээ. 

Тус төвийн барилгыг “Дорнын өргөө” ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд нэг дор 50 ахмад настан хүлээн авах хүчин чадалтай ажээ. Тус төвд ахмадууд эмчилгээ, сувилгааны үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой бөгөөд сувилгааны тасаг, фитнес танхим, номын сан, эмч нарын өрөө зэргээс бүрдсэн 4 давхар барилга юм.
Улс эх орон, Дархан хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, авьяас чадвар, бие сэтгэлээ харамгүй зориулсан 11 мянга гаруй ахмад настан тус аймагт амьдарч байна. 
Дархан-Уул аймаг 2018 оныг “Ахмадыг дэмжих жил” болгон зарлаж “Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, төрийн удирдлагын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн бодлого”-ыг баримтлан хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод болгох зорилтуудыг дэвшүүлсэн байна. 
Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлийг ханган ажиллахдаа аймгийнхаа ахмад настнууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй дэмжлэг, санал, санаачилга, оролцоонд тулгуурлан олон ажлыг хийж гүйцэтгэсний нэг нь энэхүү
Геронтологийн төв ажээ.

Холбоотой мэдээ