Албан ёсны үйл ажиллагааг зөвхөн хятад хэлээр зохион байгуулах санал гаргав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-29 12:20:03

Бээжин /МОНЦАМЭ/. “Хятад улс дотооддоо зохион байгуулж байгаа аливаа нэгэн хэвлэлийн бага хурал зэрэг гадаад харилцааны томоохон арга хэмжээнүүдийг гадаад хэлний орчуулгагүйгээр зөвхөн хятад хэлээр явуулдаг болох” саналыг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын нэгэн гишүүн гаргажээ.

            Түүний үзэж буйгаар аливаа хурлын үеэрх гадаад хэл дээрх орчуулга, синхрон орчуулга зэргийг цуцлах нь хятад хэлний нэр хүндийг хадгалж, харилцааны үр ашгийг дээшлүүлэх аж.

            Тус саналыг гаргасан БХАТИХ-ын төлөөлөгч Ян Вэйгуо энэ талаар ярихдаа “Хятад улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон. Хятад хэл бол НҮБ-ын албан ёсны хэлний нэг. НҮБ-ын үндсэн дүрэмд энэ талаар аль эрт тусгасан. Энэ нь хятад хэлийг дипломат үйл ажиллагаанд ашиглах хууль ёсны статус бийг харуулж байна. Түүнээс гадна БНХАУ-ын ГХЯ-наас зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлыг англи, хятад хэлээр явуулдаг байсныг аль хэдийн өөрчилж, зөвхөн хятад хэлээр явуулдаг болгосон. Тиймээс аливаа арга хэмжээг гадаад хэлээр явуулах ажиллагааг цуцлах нь хууль ёсны гэж үзэж байна” гэжээ.

            Аливаа нэгэн албан ёсны үйл ажиллагааг зөвхөн хятад хэлээр зохион байгуулах нь Хятадын соёлыг дэлхий нийтэд сурталчлах, хятад хэлний хэрэглээ, нөлөөг нэмэгдүүлнэ хэмээн тэрээр үзэж байна.     

Холбоотой мэдээ