Хэсгийн хороог сонгогчийн тооноос хамаарч 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-26 14:26:31

Төв /МОНЦАМЭ/  2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг орон нутагт зохион байгуулах ажлын хүрээнд Төв аймгийн сонгуулийн хороог 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Сумын сонгуулийн хороог байгуулахдаа сумдын ИТХ-ын тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан хуульд заасны дагуу сонгуулийн хороонд ажиллах гэрчилгээтэй, төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн үйлчилгээний албан хаагчдаас бүрдсэн байхаар шийдвэрлэжээ. Тодруулбал Зуунмод суманд 7 хүний бүрэлдэхүүнтэй, бусад суманд 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Харин хэсгийн хороог сонгогчийн тооноос хамаараад 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Төв аймгийн Сонгуулийн хороо 4 дүгээр сарын 14-нөөс хойш 2 удаагийн хуралдаан зохион байгуулсан бөгөөд эхний хуралдаанаар хуралдааны дэг болон, сонгуулийн хорооны гишүүдийн дотоод ёс зүйн дүрэм болон бусад холбогдох баримт бичгүүдтэй танилцсан бол удаах хуралдаанаар сонгуулийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.1д заасны дагуу сумдын сонгуулийн хороог байгуулах асуудлыг хэлэлцжээ.

Одоогийн байдлаар Аймгийн сонгуулийн хороо нь сумдын сонгуулийн хороог мэргэжил арга зүйгээр зөвлөх, энэ үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл явц зохион байгуулалтыг ханган ажиллаж байгаа. Мөн аймгийн сонгуулийн хорооны зүгээс сонгуулийн үеэр анхаарах чухал асуудал бол сонгуулийн сурталчилгаа байдаг бөгөөд сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол саналыг хуулийн байгууллагуудад хандан шийдвэрлүүлнэ. Сонгуулийн хороо нь энэ чиглэлд хяналт тавих үүргийг л гүйцэтгэнэ гэж  Аймгийн сонгуулийн хорооны ахлагч, ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Жавзанпагма ярилаа. 

Аймгийн сонгуулийн хороог ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Жавзанпагма ахалж, нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга С.Цогбаяр нар томилогдон ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ