Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” болон "ДАН" систем нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-25 22:29:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Харилцаа холбооны мэдээллийн технологийн газраас Говь-Алтай аймагт төрийн мэдээлэл солилцооны “ХУР” болон танилт нэвтрэлтийн “ДАН” системийг нэвтрүүллээ. 


Ингэснээр иргэнд төрийн үйлчилгээний 11 байгууллагын 54 төрлийн лавлагаа мэдээллийг тус аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв буюу нэг цонхны үйлчилгээний төвөөс авах боломж бүрджээ.  Тухайлбал иргэд халамж, улсын бүртгэл, авто тээвэр, татвар, жолооны үнэмлэх, галт зэвсэг, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх гэх мэт лавлагаа мэдээллийг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авдаг боллоо хэмээн тус төвийн менежер Ц.Анхбаяр мэдээлэв. 

Түүнчлэн иргэд ТҮЦ машинаас шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг авч үйлчилгээний байгууллагуудад хандаж үйлчилгээ авдаг байсан. Харин “ХУР” системд тухайн үйлчилгээний байгууллага нэгдсэнээр тухайн иргэнээс ямар нэг лавлагаа тодорхойлолт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх ажээ.

“ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн систем нь цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан нягт уялдаатай ажиллах боломжтой платформ юм.

Холбоотой мэдээ