БХБЯ сэрэмжлүүлж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-05-16 09:35:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн болон нийт нутгаар цасан шуурга, хүчтэй салхи болж буй байгалийн хүнд нөхцөл байдалд барилгын ажлыг түр зогсоож, анхаарал болгоомжтой байхыг БХБЯ-наас барилгын компани, ААН-үүдэд сэрэмжлүүлжээ. 

БХБЯ байгалийн гамшигт үзэгдлийн үеэр аймаг, нийслэлийн хэмжээнд барилгын ажил нь түр хугацаанд зогсоод байгаа болон барилгын ажил гүйцэтгэж буй иргэн, ААН, байгууллагууд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, анхааруулга хүргүүлж байна. Үүнд:

  • Барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж барилга дээрээс барилгын материал болон тоног төхөөрөмж унах, ажилчдын болон иргэдийн амь нас, эд хөрөнгөнд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
  • ААН, байгууллагууд дээрх хугацаанд өргөх, зөөх тээвэрлэх машин механизмуудыг ажиллуулахгүй байх,
  • Даралтат сав шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангуулах,
  • Барилгын угсардаг шат, тавцан болон талбайн аюулгүй ажиллагааг хангуулж, өндөрт барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхгүй байх, ерөнхий болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажилчдад холбогдох зөвлөмжийг өгөх,
  • Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг зөвлөжээ.

Дээрх зөвлөмжүүдийг барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, дүрмийн хүрээнд бэлэн аюулгүй байдлыг хангуулан ажиллахыг уриалж байна. 

ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл салхилж шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулаад байна.


Холбоотой мэдээ