Бээжин: Татварыг зэвсэг болгон ашиглаж болохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-07 13:05:21

БЭЭЖИН. /Economic Times/. Татварыг зэвсэг болгон ашиглаж болохгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ шинэ коронавирусний халдварыг хэрхэн зохицуулсны хариуд татвар ногдуулна гэж мэдэгдсэн юм.


“Татвар ногдуулснаар оролцогч бүх талыг хохирдог тул АНУ татварыг зэвсэг болгон ашиглах бодлоо орхих хэрэгтэй” гэж Х.Чунинь өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ. Д.Трамп цар тахал дэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх талаар судалж байна гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.


Хятадын төв нутгийн Ухань хотод өнгөрсөн оны сүүлээр анх дэгдсэн шинэ вирус дэлхий даяар тархаж, 3.7 сая хүнд халдварлаж, 260 мянга гаруй хүн нас барсан юм. АНУ-ын хувьд халдварын 1.2 сая тохиолдол бүртгэгдэж, 71 мянга гаруй хүн нас баржээ.


Хятадад халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хөл хорио тогтоосонтой холбоотойгоор тус улсын эдийн засаг энэ оны эхийн улиралд 6.8 хувиар агшсан бөгөөд АНУ нэмэлт татвар ногдуулвал улам их хохирол амсаж болзошгүй ажээ.


Мөн Х.Чунинь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдлийн талаар, түүнд ямар ч нотлох баримт байхгүй гэж хэлжээ. М.Помпео коронавирус Хятадын лабораториос тархсан гэх “том нотолгоо” бий гэж өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ