Агуу их Ялалтын баярыг угтахуй

Монголын мэдээ | Тойм
khandmaa@montsame.gov.mn
2020-04-30 12:58:44

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Зовох цагт нөхрийн чанар танигддаг хэмээх зүйр үгийг мэдэхгүй хүн  үгүй.  Энэ энгийн боловч үнэн үг дэлхийн II дайны үед Зөвлөлт, Монголын харилцаа ямар байсныг илэрхийлдэг.  Манай хоёр улс газар нутаг, хэдэн мянган жилийн түүх, нэгдмэл зорилго төдийгүй орос, монголчууд  бусдад тусархуу, сэтгэлийн тэнхээтэй, ойр дотны хүндээ зовсон үед нь  туслахад бэлэн байдаг хүнлэг чанараараа холбогддог.


Түүхэн баатарлаг дурсамжууд

Манай ард түмнүүдийн дэлхийн II  дайны үед байгуулсан баатарлаг үйлсийн талаар дурсахад түүний өмнөхөн болсон үйл явдлыг дурдахгүй байхын аргагүй. Бүр тодруулбал, Зөвлөлт Холбоот Улс, Монголын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн дайныг хэлж байна. XX зуунд буюу 1930-аад оны сүүлчээр Япон нь  Монголын талаас, Манжууртай хиллэдэг зурвасыг урагшлуулж Халх голоор болгохыг шаардсан. Гэтэл албан ёсны бичиг баримтад зааснаар,  Халхын голоос зүүн зүгт 20-25 км зайтай газраар хилийн зурвасыг тогтоосон байсан. Монголын тал баримт бичгийг үндэслэн шаардлагыг хүлээн аваагүйгээс зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн  бөгөөд томоохон өдөөн хатгалга эхэлсэн билээ. 1938 онд япончууд хэсэг бүлгээрээ ЗХУ-ын хилийг зөрчиж байсан бол Монголын нутаг руу бүхэл бүтэн батальон цэрэг халдсан. Албан ёсоор  дайн зарлаагүй хэдий ч зэвсэгт мөргөлдөөн аль хэдийнээс эхэлсэн байлаа. Монголын хилийн цэрэг рүү нэлээд хэдэн удаа халдсан явдалд ямар  байр суурьтай байгаагаа ЗХУ нь Совнарком (Ардын Комиссириатын Зөвлөл)-ийн мэдэгдлээр илэрхийлсэн бөгөөд түнийгээ “Правда” сонинд нийтэлсэн юм. Түүндээ “БНМАУ-ын хилийг бид өөрийн улсын хил шигээ хамгаалах болно” хэмээн онцолж байв.

ЗХУ нь Улаан Армийн 57 000 цэрэг болон хэдэн мянган дайчин, зэвсэг техникийг Монгол руу илгээсэн. 1939 оны 8 дугаар сарын 1-ний өглөө гэхэд Монголын нутгаас Японы цэргүүдийг бүрмөсөн цэвэрлэсэн юм. Зөвлөлт-Монголын армийн Халхын-Голд байгуулсан ялалт нь яахын аргагүй хойч үе нь  хүндэтгэн бахархах  үйл явдал.


Энэ дайныг бид мартах ёсгүй

ЗХУ-д 1941-1945 онд болсон үйл явдалд хэн нь тусламжийн гараа сунгаж, хэн нь алсаас үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглан суухыг тодоос тод харуулсан. Учир нь түүхийг гуйвуулж эсвэл баруунуудад ашигтайгаар өөрчлүүлэхгүй байлгах хариуцлага бидэнд оногдсон юм.

Ахмад дайчид маань хорвоогийн мөнх бусыг үзүүлж, тун удахгүй бидний хүүхдүүд, ач зээ нар маань тэртээх өдрүүдийн талаар өөрийн нүдээр үзсэн хүмүүсээс сонсох боломжгүй болно. Орчин үеийн залуучууд  Дэлхийн II дайнд зориулсан кино, нэвтрүүлгүүдийн ачаар 1941-1945 онд болсон үйл явдлууд нь Оросын түүхэнд томоохон бөгөөд эмгэнэлтэй байр суурь эзэлдэг болохыг мэдэж авах байх.

Энэ дайн айл болгонд үхэл хагацал авчирч хэн нэг нь дайнд амь үрэгдсэн, шархадсан эсвэл сураггүй алга болсон, үгүй юмаа гэхэд гэр орон, эд хөрөнгөө алдаж юу ч үгүй болсон гэр бүлүүд уй гашууд автсан. ЗХУ-ын газар нутгийн нэлээд хэсэг нь эзлэгдсэн, хэдэн мянган хот тосгодууд үнсэн товрог болон  сүйдэж, үнэлж баршгүй түүхэн дурсгалуудын эвдэгдэн устсан.

1941 оны 6 сарын 22-ны өдөр Герман ЗХУ-руу халдахад хамгийн түрүүн Монгол дэмжиж тусална гэдгээ мэдэгдсэнийг хүмүүс тэр болгон мэддэгггүй байх.

Дайны эхний өдрүүдэд  МАХН-ын тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл болон БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид хамтран хуралдаж фашистын Герман ЗХУ-д халдсаныг буруутгасан тогтоол гаргасан байдаг. Дэлхийн II дайн эхэлсэн өдрөөс Монголын эрх баригчид хязгааргуй уудам тал нутгаас нь хэдэн мянган бээрийн тэртээд  өрнөж буй дайн нь зөвхөн Зөвлөлтийн  төдийгүй Монголын ард түмний эсрэг болохыг ойлгосон байв.


Бүхнийг фронтод! Бүхнийг Ялалтын төлөө!

1940-өөд онд Монгол ойролцоогоор 750 000 хүн амтай байсан бөгөөд цөөхүүлээ ч бүх л дайны туршид  Америкаас илүү их хэмжээний мах Зөвлөлтөд нийлүүлсэн байдаг. Тэд галт тэргээр хэдэн тонн мах, хиам, цөцгийн тос, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд илгээсэн. 1941-1945 онд хэдэн зуун вагоноос бүрдсэн зургаан цуваа тусламж явуулсан.

Тангадын Туяа өөрийн дусамждаа “Тэр үеийг би сайн санаж байна. Хүүхэд байсан болохоор маш тод дурсамжууд үлдсэн. 1941 оноос эхлэн ээж бид хоёр хуралд очиж суудаг болж Монгол даяар Зөвлөлтийн ард түмэнд туслах гэсэн чин хүсэлтэй хүмүүсийн  цуглаан өрнөсөн. Оросуудад ямар хүнд хэцүү байгааг ойлгосон монголчууд фашистуудтай хийж буй тэмцэлд нь  туслах ёстой гэдгийг ухамсарласан байв. Японтой харилцаа сайнгүй байсан тул нацистуудыг ялуулж болохгүй гэдгийг ч сайн ойлгож байсан” хэмээн бичжээ.

Бичээч Гэсэр “Бид Зөвлөлтийг чадлынхаа хэрээр  дэмжиж, хөдөлмөрчид онцгой байдалд ажиллах шийдвэр гаргаж нэг ээлж 10 цагаар ажиллах болсон. Бүгд л мөнгө, хүнсний бүтээгдэхүүн цуглуулж  өөрсдөө хагас өлсгөлөн байсан хэдий ч хүнсээ илүүчлэн Зөвлөлтийн цэргүүдэд фронт руу илгээж байлаа.


Монгол морин хороо

Дайны эхний жилүүдэд ЗХУ ихэнх морио алдсан. Мориор туслах цорын ганц дэмжигч нь Монгол байсан бөгөөд фронт руу жижигхэн хэдий ч хүчтэй хагас сая монгол морь илгээж тэдгээр нь Улаан Армийн туг дор  Зөвлөлтийн цэргүүдийн хамт Берлин хүрсэн түүхтэй.


Монгол хонины арьсаар хийсэн нэхий дээл хүйтэнд Зөвлөлтийн цэргүүдийг дааруулаагүй

1941 оны хоёрдугаар сард Улаан Армийн цэргүүд Москвагийн төлөө өдөр шөнөгүй ширүүхэн тулалдаж байлаа. Тэр үед тэсвэрлэхийн аргагүй хүйтэн байсан бөгөөд хүйтний эрч -30,- 40 хэмд хүрч байлаа. Хүнд тулалдаанууд, хүйтэн хоёрт герман цэргүүд ч цөхөрсөн байв. Байлдааны зэвсэг техник хүртэл цасанд дарагдаж хүйтэнд ажиллахаа больсон. Энэ хүндхэн өдрүүдэд Сибирийн дивизийн баатарлаг цэргүүдийг  Монголоос ирүүлсэн нэхий дээл, эсгий гутал, бээлий, малгай, нэхий хөнжил, ноосон цамц дулаацуулсан юм. Энэ бүхнийг Монголд гаргаж авсан түүхий эдээр хийсэн байв. Монгол нь Зөвлөлтөд нэхий нийлүүлж байсан цорын ганц улс бөгөөд монголчуудын илгээсэн 64 мянган нэхийгээр офицеруудад нэхий дээл оёсон. Тооцоолоод үзэх юм бол Улаан Армийн таван дайчин тусмын нэгнийх нь өмсөж байсан нэхий дээлийг Монголоос ирүүлсэн арьсаар хийсэн байлаа.


Тал нутгаас ирүүлсэн тусламж

Монголын иргэдийн хандивласан тусламжаар бүхэл бүтэн танкийн цуваа бий болсон. Цувааны танк болгон  “Большой Хурал”, “От Совета Министров МНР”, ”Сухэбаатар”, ”Маршал Чойбалсан”, “Монгольский арат”, “От интеллигенции МНР” гээд нэр өгсөн. Энэ цуваа нийт 32 танкаас бүрдсэн юм.  Эдгээр цувааны цэргүүдийг хувцас зэргээр хангах үүргийг Монгол хүлээсэн гэдгийг дурдах хэрэгтэй болов уу. Дээр дурдсан бүхнээс гадна ЗХУ-ын Внешторгбанк-т 2.5 сая рубль, 300 кг алт хандивласан. Энэ хөрөнгөөр “Монгольский арат” нэртэй агаарын эскадрон байгуулсан.


Мөр зэрэгцэн фашизмын эсрэг тэмцсэн нь

Монголын хэдэн зуун сайн дурынхан энэ аймшигтай дайны үед фашистуудтай тэмцсэн. Монгол, Зөвлөлтийн дайчид мөр зэрэгцэн, дайсныг бут цохин эзлэгдсэн нутгуудыг чөлөөлөн байлдсан юм. Монголын дайчид тэсвэр тэвчээртэй, эрэлхэгээрээ онцгойрч байснаас гадна тэд ан хийж, морь унахдаа гаргууд сайн байв. Энэ чадварыг нь  ашиглан тэднийг мэргэн буудагч, тагнуулч болгосон бөгөөд морин цэргийн ангид алба хаасан.


Ард түмнүүдийн найрамдал

 Өөрт байсан бүхнээ хандивлаж байсан Монголын ард түмнийг ЗХУ өндрөөр үнэлсэн бөгөөд Зөвлөлт ч тусламж авах эрхтэй байсан гэдгийг онцолмоор байна. Учир нь хоёр улсын харилцаа 1941-1945 онд болсон дайнаас өмнө эхэлсэн.  1915 онд гадаад Монгол өөрийн автономит эрхээ зарласан хэдий ч Хятадын Засгийн газар өөрсдийн болзлоо байнга тулгаж байлаа. Энэ үед ЗХУ-ын дэмжлэгтэйгээр социалист БНМАУ нь өөрийн тусгаар тогтнолоо тунхагласан. 1921 онд Зөвлөлтийн цэргүүд Монголын армитай хамтран Хятадын цэргүүдийг гаргасан. 1939 онд өмнөд хөршдөө туслахаар хамгийн түрүүн хүрэлцэн очсон. Тэр үед бидний хүч Японтой тэмцэхэд чиглэгдэж Зөвлөлтийн хамгийн чадварлаг цэргийн жанжнуудыг Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалуулахаар явуулсан. Ердөө дөрөвхөн сарын дараа Монголын газар нутгийг япончуудаас чөлөөлж Халхын-голд болсон тулалдаан манай хоёр улсын харилцааны түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.

Ийнхүү манай хоёр улсын олон жилийн найрамдалт харилцааны үндэс суурь тавигдсан бөгөөд Монгол нь зүүн хязгаар дахь Зөвлөлтийн найдвартай түнш нь болсон. Тал нутгийн хөгжүүлэхэд Зөвлөлтийн тал ч цагтаа чамгүй хэмжээний тусламж үзүүлсэн түүхтэй.  ЗХУ-д хүнд хэцүү байхад Монголын ард түмний үзүүлсэн тусламжийг Москвад өндрөөр үнэлсэн юм. Тиймээс 1945 оны Ялтын уулзалтын үеэр  И.В.Сталины тавьсан шаардлага болон Зөвлөлт байр сууриа тууштай хамгаалсны ачаар Монголын тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрсөн. Хожим нь Монголын эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэлийн салбарын бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хоёр улс нягт холбоотой хамтран ажиллаж байх үед Монгол Улсын төсвийн гуравны нэгийг Москва бүрдүүлж өгч байсан. Зөвлөлтийн мэргэжилтэн, инженер, багш, эмч, мэргэжилтнүүдийг Монгол руу илгээж тэд тус улсын хөгжүүлэхийн төлөө ажилласан юм. Түүнээс гадна Зөвлөлтийн дээд сургуулиад Монголын оюутнуудыг суралцуулж шинэ боловсон хүчнийг нь бэлдсэн. Энэ бүхэн манай хоёр улсын харилцааг бэхжүүлж орос, монголчууд бие биеэ сайн ойлгодог болгохын төлөө хийсэн юм.

                                                                                                                                                                                                Б. Цэцэг

 

 

Холбоотой мэдээ