Улиастай сумын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-20 13:23:55

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан Улиастай сумын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Тэрээр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай хотод бүтээн байгуулалтын ажлууд хийж буй гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж бүтээн байгуулалтын ажлуудын мэдээллийг сонсож эрчимжүүлэх талаар санал солилцов.

Энэ үеэр Улиастай сумын Жаргалант, Чигэстэй багийн цэвэр усны шугамын өргөтгөл, бохирын шугам шинээр тавих ажлын тендерт “Ган” ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн тухай мэдээлэв. Мөн дээрх багуудын бохирын хуучин магистрал шугам нь өвлийн улиралд хөлддөг. 11-р сараас хойш сургууль, цэцэрлэгийн бохир ажиллахгүй болж хүүхдүүд гадаа бие засдаг байна. Тиймээс шугамын хүчин чадлыг сайжруулж хэрэглээг нэмэх мөн Улиастай сумын 3, 9-р цэцэрлэг, ХХААГ-ыг бохирын шугамд холбох. Ингэснээр шугамын траст ойролцоо айл өрхүүд бохирын шугамд холбогдох боломжтой болох юм.

Мөн цэвэр усны шугамын өргөтгөл хийснээр дээрх байгууллагууд байнгын усан хангамжтай болох аж. Цэвэр, бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй Улиастай сумын Товцог багт улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бохирын магистрал шугам хийлгэхээр “Зуурмаг” ХХК-тай гэрээ байгуулсан байгаа. Богдын гол багийн Хаус хороолол бохирын нэгдсэн шугамд холбогдсон бөгөөд дулаан, цэвэр усыг энэ зундаа багтаж холбохоор төлөвлөсөн байна. Богдын гол багийг нэн тэргүүнд бохирын шугамд холбох шаардлагатай байгаа. Эхний ээлжинд “Бор дүнзэн”-ийн хуучин байруудыг холбохоор 80 сая төгрөг шийдвэрлэж, тендерт шалгарсан компани энэ жилдээ ажлаа эхлүүлж дуусгахаар гэрээ байгуулсан тухай уулзалтын үеэр мэдээлэв.  


“Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил 10 дугаар сард дуусна 

Завхан аймгийн төв, Улиастай суманд улсын төсвийн 9.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жилээс “Гудамж” төсөл хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд төв гудамж дагуу дөрвөн эгнээ хатуу хучилттай авто зам, явган хүний болон дугуйн зам барих аж. Түүнчлэн Ногоон хашаа, Улиастай захын урд уулзвараар хоёр эгнээ хатуу хучилттай авто зам, явган хүний зам, унадаг дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн цогц бүтээн байгуулалт хийх юм.

Бүтээн байгуулалтын явцад 15 хэсэгт шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан 73 асуудал гарсныг тухай бүр шийдвэрлэх төлөвлөгөө гаргаж ажилласнаар нэгдсэн шийдэлд хүрсэн байгаа. Гудамж төслийн бүтээн байгуулалт нь гэрээний дагуу ирэх 10 дугаар сарын 1-ний өдөр бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Тиймээс “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, улсын баяр наадмаас өмнө 95 хувийн гүйцэтгэлтэй ажиллахыг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.

Ачаалал ихтэй хэсгүүд болох төв гудамж, Ногоон хашааны хэсэг, Дөрвөн замын уулзвар, Улиастай захын урд хэсгүүдийг хэсэгчлэн хаах замаар бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгах чиглэлийг аймгийн Засаг дарга өгсөн. Үүний дагуу өнөөдөр Гудамж төслийн ажил эхэлж явган хүний замын хавтанг ховхлох, автозамын суурийн ажлыг хийж эхэллээ хэмээн аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Оюун-Эрдэнэ мэдээлэв. 

Холбоотой мэдээ