Л.Мөнгөншагай: Газрын тосны үйлдвэрийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсондоо баяртай байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-13 11:15:55

Дорноговь /МОНЦАМЭ/. УБТЗ-ын Замын аж ахуйн албаны Замын дөрөвдүгээр ангийн төмөр замчин Лувсангомбын Мөнгөншагай үе дамжсан төмөр замчин. Тэрээр газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төмөр замын ажилд гар бие оролцсон юм. Салбартаа 13 дахь жилдээ ажиллаж байгаа түүнтэй ярилцлаа.


-Төмөр замын байгууллагад анх ажиллаж эхэлсэн үеэ дурсах уу?

-Цэргээс ирээд ажилгүй таваргаж явтал Замын дөрвдүгээр ангид ажиллаж байсан Амарбаясгалан гэдэг ах анх намайг Замын дөрөвдүгээр ангид ажилд оруулж байлаа. Тэр хүний буянаар өдий зэрэгтэй явж байгаа. Эдүгээ 13 жил ажиллаж байна. 2019 оны хавар төмөр замын дээд сургуулийг замын техникчээр төгссөн. Аав минь зүтгүүрийн депод засварчнаар 20 гаруй жил ажиллаж байсан. Эхнэр маань УБТЗ-ын дохиолол холбооны Гуравдугаар ангид нягтлан бодогч ажилтай. Тийм учраас бид үе дамжсан төмөр замчид.   


-Замын дөрөвдүгээр анги гэхлээр хүмүүсийн зарим нь мэдэхгүй байж болох. Ажлаа дэлгэрүүлж танилцуулах уу?   

 

-Галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах, замын бүрэн бүтэн байдлыг хангах, замын эвдрэл гэмтлийг засварлах үүрэгтэй.

Манай байгууллага 600 гаруй ажиллагсадтай. Сайншандын арын 33 дугаар зөрлөгөөс Замын-Үүд хүртэл мөн Сайншандаас  Зүүнбаян хүртэлх нийт 360 км замыг хариуцан ажилладаг.

Манай байгууллагаас гадна Дохиолол холбоо, Зүтгүүрийн депо, Ичвод, Барилга орон сууцны анги, Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын алба гээд маш олон салбар анги байгууллага өөр өөрсдийн чиг үүргийн дагуу үүрэг гүйцэтгэж байна. УБТЗ нийт 16 мянга гаруй ажилллагсадтай.

-Жил бүрийн засвар үйлчилгээг урьдчилан төлөвлөж хийдэг тухай сонссон. Бас цаг барьдаг хариуцлагатай ажил?

-Тийм ээ. Хариуцлага шаардсан ажил. Бас нэр хүндтэй. УБТЗ-ын дарга болон ангийн даргын төлөвлөсөн удирдамжийн дагуу ажлаа гүйцэтгэдэг. Хэсэг цехүүд тус бүртээ өөрсдийн замаа үзэж, хянаж шалгаад, дараа нь гэмтлээ засна. Зуны цагт их засвар, дунд засвар гээд засвар ажлууд эхэлчихдэг учир зав хомс байдаг.

-Танай салбарт өрнөж байгаа сүүлийн үеийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн талаар сонирхъё?

-Томоохон шинэчлэл өөрчлөлт өрнөж байгаа гэж боддог. Төмөр замыг бетон дэртэй болгосноор замын чанар сайжирч байна. Ингэснээр эвдрэл гэмтэл багаслаа. Замын-Үүд чиглэлд 100 гаруй км зам модон дэртэйгээ байгаа.

Үүнийг шат дараатай шинэчлэх ажил бий. Сүүлийн үеийн зүтгүүрүүд ачаа ихтэй хүнд даацтай явдаг болсон учир ачааг даах, тэсвэрлэх чанар замаас шаардаж байна.


Шар дарцгаар дохио өгөх нь галт тэрэг аюулгүй зорчиж буйг илтгэнэ 



Манай анги  улс хооронд, орон нутагт зорчиж яваа галт тэрэгний хэвийн үйл ажиллагааг хангахад анхаарч ажилладаг. Сүүлийн үед төмөр замаар тээвэрлэх ачаа ихэсч, бүрэлдэхүүн ч хурдасч байна. Өмнө нь нэг зөрлөгөөс нөгөө зөрлөг хүртэл галт тэрэг зөрж гардаг байсан бол одоо ар араасаа гараад явдаг боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл галт тэрэгний хөдөлгөөн хоорондоо ойртох үед автоматаар мэдээлэл дамжуулдаг системтэй болсон. Мөн галт тэрэгний шинэчлэл, техник технологи өмнөхөөсөө эрс шинэчлэгдэж байна.

-Төмөр замчдын гар ажиллагааг хөнгөвчлөх шинэ технологи, авто техникүүд энэ салбарт нэвтэрч байна уу?

-Гараар хийх ажил мэдээж байгаа. Гэхдээ их засварын ажил, сэргээн босгох ажиллагаанд том хэмжээний зориулалтын машин техникүүд нэвтэрчихлээ. ОХУ-аас зам тавьдаг машинууд ороод ирлээ. Далангийн шороог чигждэг техник ч бий боллоо.

-Төмөр замчдын бахархал таны бодлоор юу вэ?

-Замынхаа ул шороог ухаж, сууриа дэвсэж төмөр замаа тавиад, хүлээлгэн өгчихөөд дараа нь дээгүүр нь галт тэрэг явж байгааг харах нь хамгийн жаргалтай мөч юм. Хийсэн ажлаа эргэж харахад сайхан байдаг. Улс орны хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг.

-Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төмөр замын ажилд гар бие оролцсон гэсэн?

-Тийм ээ. 2007 онд  анх “Замын-Үүд - Өртөө-2”-т таван зам тавьж байсан. Дараа нь Хонгорын овоо өртөөний суман шилжүүлгийн ажлыг  нөхдийн хамт гүйцэтгэж байсан.

Мөн Нарийн царигийн өртөө, Зүүнбаян өртөөний үе угсрах баазын зам дээр ажиллаж байлаа. Хамгийн сүүлд газрын тосны үйлдвэр рүү явах төмөр замын суман шилжүүлгийн ажилд оролцсон. Байгууллагадаа хэсгийн аварга,ангийн хөдөлмөрийн аварга,болж байлаа.

Хамгийн сүүлд газрын тос боловсруулах үйлдвэрийн зам дээр ажилласан гэж төмөр замын “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнуулсан. Замын дөрөвдүгээр ангийн хэмжээнд хийж байгаа зам засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажилд 2007 оноос тасралтгүй ажиллаж байгаа.


Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил /төмөр зам, авто зам, эрчим хүч, цахилгаан сүлжээ/ 2018-2019 оны хооронд өрнөсөн. Төмөр замыг УБТЗ-ын Зам засварын машин станцын замчид барьж ашиглалтад оруулсан юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачаа тээвэрлэх зориулалттай, урт нь 27.7 км. Төмөр замын үзүүлэлт нь дөрөвдүгээр зэрэглэлийн, салбар төмөр замын шугам нь 18.8м, төмөр замын зөрлөг салаа гээд нийт найман замтай, овоолгын хамгийн их өндөр нь 10.6 метр.




-Монголчуудыг урамшуулаад, ажиллах нөхцөл бололцоогоор хангаад өгчихвөл юуг ч хийж бүтээж болох юм шиг санагддаг?

-Тийм ээ. Заавал гадаадын мэргэжилтэн гэхгүйгээр монголчууд өөрсдөө замаа тавиад сурч байна. Хүнд даацын авто замаа өөрсдөө барилаа. Төмөр замын мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж байна. Бид өөрсдийгөө дайчилж чадвал болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэж боддог. 

-Төмөр замчдын цалин хангамж боломжийн гэдэг. Амьдралд хүрэлцэж байна уу?

-Монгол Улсын үндэсний хамгийн том бүтээн байгуулалт төмөр зам дагаж өрнөж байна. Цалин хангамж дажгүй шүү. Манайх дөрвөн ам бүлтэй. Ажлын таван өдөр ажиллаад, хоёр өдөр амарна.  

-Шинэ байранд хэзээ оров?

-Өнгөрсөн оны сүүлчээр шинэ байранд төвхнөлөө. Орон нутагт барьсан байранд иргэдийг сугалаа сугалуулахад эхнэр маань сугалж хямд үнэтэй байранд орох завшаан олдсон.

-Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орчихвол Сайншанд аж үйлдвэрийн томоохон бүс болж хөгжих байх?

-Тийм ээ. Шинэ үйлдвэр баригдвал манай Сайншанд аж үйлдвэрийн хот болж хөгжих нь гарцаагүй. Би ч мөн итгэлтэй байна. Зам дагаж хөгжил ирдэг. Хэрэв төмөр зам байгаагүй бол хөгжил ямар байхыг төсөөлөхөд бэрх. Төмөр зам дагаж аж үйлдвэр хөгжиж байна.

-Сайшандынхан сүүлийн үед унадаг дугуйгаар их аялдаг боллоо. Төмөр замын залуус уриалан дуудаад байх шиг санагддаг. Өөрийг чинь дугуй унаж явахыг олонтаа харсан.  Олон жил дугуй унаж байна уу?


Зүтгүүрийн депод “Зүтгэх хүч” дугуйн клуб үйл ажиллагаа явуулдаг. Дугуйчид бид ярилцаж байгаад Замын-Үүд хүртэл холын зайд аялж байсан тохиолдол бий.

Би сүүлийн дөрвөн жил дугуй унаж байна. Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, эрүүл байх үүднээс цаг зав гарвал дугуйгаа унадаг. Цаг агаар, салхины байрлалыг харж байгаад л давхичихна.

Төмөр замд байнгын дугуй унадаг 30 гаруй, Сайншандын хэмжээнд 60 гаруй хүн бий. "Зүтгэх хүч" дугуйн клуб Дорноговь аймгийн 2019 оны дугуйн аварга шалгаруулах тэмцээнийг “Хулан” клубтэй хамтарч зохион байгуулж байлаа.

Холбоотой мэдээ