11 шинэ санааг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-12 23:44:09

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ жил Дорнод аймгийн ХХҮГ-аас 11 шинэ санааг дэмжиж, “Стар-ап” хөтөлбөрт хамруулна. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрийн үр дүн бодитой гарч байгаа учир илүү өргөн хүрээтэй хамруулахаар зорьж байгаа гэж тус газрын дарга Н.Мөнхгэрэл хэллээ.

Дээрх хөтөлбөрт 15-34 насны ажилгүй болон ажил идэвхтэй хайж байгаа, ажил хийж, орлогоо нэмэгдүүлэх, амьдралаа өөд нь татахад санхүүгийн боломж дэмжлэг шаардлагатай байгаа залуучууд хамрагдах боломжтой. Шалгарсан бүлгүүдэд 10 сая төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгодог журамтай аж.

Энэ жил аялал жуулчлалын үйлчилгээ буюу сав баглаа боодол, хүнсний үйлдвэрлэл буюу талх нарийн боов, мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээний төв нээх буюу утас цэнэглэх, нэгдсэн явуулын эко хүнсний үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл буюу ноос ноолуур, нэхмэл сүлжмэлийн үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ буюу үсчин, оёдол, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл, гахай, тахиа, сур суран эдлэл хийх зэрэг өрхийн үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөсөн байна. Бүртгэлийг гуравдугаар сарын 27-ноос эхэлж, тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл явуулна. 

Холбоотой мэдээ