Оюутан залууст зориулсан “University” багц худалдаанд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-04-07 13:47:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий даяар “COVID-19” халдвар эрчимтэй тархаж буй энэ үед “Мобиком” ХХК оюутан залууст зориулан 30 хоногийн нэг мянган төгрөгийн үнэтэй “University” дата багц худалдаанд гаргажээ.

Уг дата багцад ШУТИС-ийн Цахим сургалтын сайтуудыг хамруулсан бөгөөд оюутнууд өөрийн сургуулийн цахим сайт руу датагаа ашиглан хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, хичээлээ хийх боломжтой.

ШУТИС-ийн цахим сургалтад одоогийн байдлаар 12 234 оюутан хамрагдан идэвхтэй суралцаж байна. Тус сургуулийн хувьд 2007 оноос цахим сургалтын хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлсэн туршлагатай. Өнөөдөр ШУТИС-ийн 1500 профессор, багш их сургуулийн бүх хичээлийг цахим хэлбэрт оруулж, программ хангамж, интернэтийн болон цахим хэрэгслүүдийн боломжийг ашиглан хичээлээ үр дүнтэй явуулах талаар эрэл хайгуул, туршилт хийж байгаа аж.

“University” дата багц ашиглах сургуулийн цахим хаяг цаашид нэмэгдэх бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутнууд хандах боломжтой. 


Холбоотой мэдээ