“Хавдрын эсрэг үндэсний аян-2016“ аяны багийнхан 1558 хүнд үзлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-01 01:53:23

Хаан банк, ХСҮТ, МҮОНРТ хамтран зохион байгуулж байгаа “Хавдрын эсрэг үндэсний аян-2016“ аян  дөрөвдүгээр сарын 25-нд Дархан-Уул аймгаас эхэлсэн. Хавдар судлалын үндэсний төвийн 10 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй үзлэгийн баг тус аймагт ажиллах хугацаандаа толгой, хүзүүний мэс засал, эмэгтэйчүүдийн үзлэг, хэт авиа оношлогоо, элэг цөс, нойр булчирхайн мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, дуран зэрэг найман төрлийн үзлэг оношлогоог хийжээ.

Хавдрын аяны хүрээнд таван өдрийн урьдчилсан дүнгээр нийт 1558 хүнд үзлэг хийж, хорт хавдраар өвчилсөн 10 шинэ тохиолдлыг илрүүлсний дотор элэгний хавдар тав, улаан хоолойн хавдар хоёр, ходоод, арьсны болон хөхний хавдар тус бүр нэг оношлогджээ. Үзлэгийн үеэр шинээр илэрсэн элэгний хавдартай хоёр иргэнд хавдрын аяны ХСҮТ-ийн мэс заслын багийнхан хавдар авах хагалгааг амжилттай хийлээ. Мөн өдрүүдэд нийтдээ 11 хагалгаа хийснээс толгой хүзүүний байрлалын хагалгаа зургаа, ерөнхий мэс заслын гурав, элэгний хоёр хагалгаа хийсэн бол эмэгтэйчүүдийн болон бусад мэс ажилбар тавыг хийсэн байна. Нийт үзлэгээс эсийн 116, эдийн 13 шинжилгээ авчээ. “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” сургалтыг дөрвөн үндсэн чиглэлээр зохион байгуулж эмч нарын сургалтад 50, сувилагчдын сургалтад 50, Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад 57, бүсчилсэн сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн 22 эмч, мэргэжилтэн хамрагдаж дөрвөн удаагийн сургалтад нийт 179 хүн хамрагдсан байна.

                                                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ