Европоос ирж буй ачаа тээврийг нарийн хяналт дор нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-02 21:54:08
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Алтанбулаг боомтоор орж ирж буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хяналтад авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх ажиллагаа явуулж байна. 


Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд гуравдугаар сарын 19-нөөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган ширхэг, 2760 тн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгажээ. Энэ ажлыг НМХГ-ын экспорт импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн нийт улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдаагийн газартай хамтран гүйцэтгэж байгаа юм.


217 тээврийн жолоочийн 73 нь гадаад, 144 нь монгол жолооч нар байсан бөгөөд тэднээс эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг үзэж, өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д шилжүүлэх бэлэн байдлыг хангасан байна. Монголын 63 жолоочийг долоон газарт тусгаарласан бол гадаадын жолооч нарын машины кабинд нь тусгаарлаж, буулгахгүйгээр буцаан хилээр гаргаж байгаа бөгөөд тандалт судалгааны явцад сэжигтэй тохиолдол илрээгүй байна.


Гадаадад зорчсон тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлж, ачааг нарийн хяналт шалгалтын дор дээж авч, гаалийн баталгаат агуулахад битүүмжилж байгаа аж. Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лабораторид 31 аж ахуйн нэгжийн гахайн мах, өөх, тахианы мах, өндөг, малын сүү зэрэг 32 нэр төрлийн бүтээгдэхүүн, ХАБҮЛ лабораторид боловсруулсан хүнс, жимс, хүнсний ногоо, булцуу, хүнсний нэмэлт, сав баглаа боодол, цагаан будаа, шар айраг, иогурт зэрэг 36 аж ахуйн нэгжийн 88 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч хүргүүллээ. Лабораторид шинжлэгдсэн дээжнээс эерэг сорьц илрээгүй гэж НМХГ-аас мэдээллээ.





Холбоотой мэдээ