Коронавирусээр халдварласан 11 дэх тохиолдол бүртгэгдлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-03-26 11:24:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвартай 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр, “Истанбул-Улаанбаатарын чиглэлээр ирсэн 221 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүнээс коронавирусний халдвартай нэг тохиолдол илэрлээ. Харин тандалтын зорилгоор санамсаргүй түүврийн аргаар зургаан дүүргийн эмнэлгээс цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй. Шинээр илэрсэн тохиолдлын хамгийн ойрын хавьтлыг нэн яаралтай тогтоон давтан хянах хүмүүст зөвлөгөө өгч байна" гэж мэдээлэв.

Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлажээ. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 184 хүнийг хянаж байгаа бөгөөд эмчилгээний багт эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч гээд долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Нэг хүний эмчилгээнд хамгаалах хэрэгсэлтэй нийлээд өдөрт 800-гаад мянган төгрөг зарцуулж байгаа юм байна.

Холбоотой мэдээ