Их Британи бизнесийн салбартаа 330 тэрбум фунт стерлингийн дэмжлэг үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-03-18 13:05:25

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Засгийн газар коронавирусний халдвар дэгдсэний улмаас хохирол амссан бизнес эрхлэгчддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор 330 тэрбум фунт стерлинг гаргахаар болсныг тус улсын Сангийн сайд Риши Сунак мэдэгджээ. Энэ нь урьд өмнө үзүүлж байгаагүй их хэмжээний тусламж бөгөөд Их Британийн Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 15 орчим хувьтай, улсын төсвийн гуравны нэг гаруй хувьтай тэнцэж байгаа юм. 


"Ийм хэмжээний тусламж нь хэдэн долоо хоногийн өмнө санаанд оромгүй зүйл байх байсан. Гэвч коронавирус нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн хувьд онцгой байдал үүсгээд байна. Тиймээс Засгийн газар том, жижиг гэлтгүй бүх бизнесийг дэмжих болно” гэж Риши Сунак мэдэгджээ. Хэрэв дээрх мөнгөн дүн хүрэлцэхгүй бол Засгийн газар нэмж санхүүжилт гаргаж чадна гэж тэрбээр хэлсэн байна.


"Түрээс, цалин хөлс болон бусад зардал төлөх шаардлагатай байгаа бизнес эрхлэгчид маш сайн нөхцөлтэй зээл авах боломжтой" гэж Риши Сунак хэлэв.


Их Британийн Засгийн газар ялангуяа улс орнууд хорио цээрийн дэглэм нэвтрүүлж, хилээ хаасны улмаас хамгийн их алдагдал хүлээж байгаа агаарын тээврийн компаниуд болон нисэх онгоцны буудлуудад  дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.


Тус улсын паб, клуб, театрууд коронавирусний улмаас багагүй хэмжээний хохирол амссан байна. Засгийн газраас тэдэнд хүнд хэцүү цаг үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 25 мянган фунт стерлингийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Бусад жижиг бизнес эрхлэгчид ч бас 10 мянга хүртэл фунт стерлингийн буцалтгүй тусламж авна. Коронавирусний халдвар дэгдсэний улмаас санхүүгийн бэрхшээлд орсон байрны эздийн хувьд гурван сарын хугацаанд моргейжийн зээлээ төлөхгүй байхыг зөвшөөрчээ.


Бусад оронд ямар арга хэмжээ авч байна вэ?

Италийн Засгийн газар эдийн засагтаа 340 тэрбум евро /374 тэрбум ам.доллар/ нэмж оруулна гэж амласан байна.


Испанийн Ерөнхий сайд Педро Санчесын Засгийн газар бизнесийн салбартаа 200 тэрбум еврогийн /220 тэрбум ам.доллар/ дэмжлэг үзүүлэхээр болжээ. Энэ нь Франкогийн дэглэм нуран унаж, ардчилал байгуулагдсанаас хойш улсаас эдийн засагт оруулсан хамгийн их хэмжээний мөнгө юм. "Төр хямралын донсолгоог өөртөө хүлээнэ" гэж Санчес мэдэгджээ.


Францын эдийн засгийг дэмжихийн тулд 500 тэрбум евро /550 тэрбум ам.доллар/ гаргана гэдгээ тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна. Үүнээс гадна, Парисын төсвөөс 45 тэрбум евро гаргахаар болжээ. Мөн хоёр тэрбум еврог зоогийн газар, аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор тусгайлан гаргана.


Германы Канцлер Ангела Меркель Засгийн газрын зээлд зориулж 550 тэрбум евро /605 тэрбум ам.доллар/ хуваарилснаа зарлав.


Харин Японы Засгийн газраас бизнесийнхэнд үзүүлэх тусламжийн хэмжээ 193 тэрбум ам.доллар байна.


 


Холбоотой мэдээ