Буддын шашин хамгийн олон ламтай, христийн шашин хамгийн олон сүмтэй

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-03-13 12:49:01

Шашин үүсэхдээ тухайн эрин үеийн хүний соёл иргэншийн нэгэн гол хэсэг болдог. Улмаар түүнийг агуулан хадгалагч хүч нь болдог гэж үздэг ажээ. Мөн шинжлэх ухааны ангиллын тодорхой хуваарьт шашныг оруулах шаардлага амьдралаас урган гарчээ. Ийм  ангиллын эхний хэсэг нь түүх, удаах нь судлал, эцсийнх нь дүгнэлт тодорхойлолт гэж сулаачид үздэг байна. Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ бий болгожээ. Эдгээрээс дэлхий нийт  Хиндү шашинг  үндсэн шашин гэгддэг.  Уг шашин үүсээд дөрвөн мянган жил болжээ.

Манай монголчуудын хувьд будда (бурхан)-ын шашин зонхилох бөгөөд уугуул шашин гэж үздэг. Энэ шашин ази тив, түүн дотроо  дорно дахинд түгэн дэлгэрч тухайн бүс нутгийн ард түмний соёл иргэншлийн үндэс болон 2545 жил хөгжжээ.

Буддын шашныг үндэслэгч Сиддарт Гуатама нь бие хүн гэж үздэг. Түүнийг эртний Энэтхэг орны умард зүгт орших Шагж вангийн нутаг, одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн тухай түүх шаштирт тэмдэглэжээ. Тэрбээр хааны ордонд амьдарч улмаар нас биед хүрээд гэр бүлтэй болжээ. Харин 29 насандаа амьдрал судлах зорилгоор хааны ордныг орхин зургаан жил ууланд даяан хийн гэгээрч хутагтын дүрд хувиран “Хутагтын дөрвөн үнэн” сургаалыг айлдсан нь буддын гүн ухааны суурь болсон аж.

Дэлхий дахин буддын гүн ухааныг анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцох болжээ. Түүнээс гадна философийн олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэж байна. Ази тивийн олонх орны ард түмнээс гадна АНУ, Их британи зэрэг өндөр хөгжилтэй гэгдэх орнуудад буддын шашин, гүн ухааны судлал идэвхжиж, сонирхогчдын тоо өсөж байгааг судлаачид тогтоожээ.

Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн тухай тайлбар байна. Энэхүү тайлбарт:

- Хүннү гүрнээс Хятан хүртэлх үед Энэтхэгээс шууд болон дундад азиар дамжин бага, их хөлгөний урсгалууд дэлгэрсэн үе буюу нийтийн  тооллын өмнөх II зуунаас аргын тооллын XI зууныг хамрах бурхны шашны түрүү дэлгэрлийн үе.  

- Чингис хаанаас Тогоонтөмөр хаан хүртэлх их хаадын үед Төвдийн сажава хийгээд гармавагийн чиглэлүүд дэлгэрсэн буюу XIII-XIV зууны үеийн хамрах бурханы шашны дунд үеийн дэлгэрэлт...

- Төвдөөс Богд Зонховын шашин дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг хамрах бурхны шашин дэлгэрсэн гуравдугаар үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг. Энэ гурван үе тус бүр тухайн үеийнхээ нийгэм, соёл, эдийн засаг, оюун санааны байдалтай холбоотойгоор өөр өөрийн өнгө төрхтэй байсан. Гэхдээ аль ч үед нь бурхны шашны ном сургаал, соёл, мэдлэг ухааны мөн чанар, сонгодог уламжлал агуулсаар ирсэн. Энэхүү түүхэн үйл явц дунд Монгол онцлог бүхий буддизм бүрэлдэн тогтсон гэж  Буддын уламжлалт мэдлэг ухааны үндэс номонд бичжээ.

Гэхдээ манай улсын 20 дугаар зууны бурхан (будда) шашины түүхэнд эмзэг үе бий. Бүр хаасан, түүнийг сэргээж 1944-1990 он хүртэл зөвхөн Гандантэгчинлэн хийдэд хатуу хяналт (нам засгийн) дор лам нар ном хурдаг байсан. Харин 1990 оноос энэ шашин дахин сэргэсэн билээ.

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны хамгийн сүүлд гаргасан (2018 он) мэдээлэлд буддын шашин 134 сүм хийдтэй, 1321 ламтай гэж мэдээлсэн байна. Буддын шашны сүм хийд, ламын тоог аймаг, нийслэл тус бүрээр нь гаргажээ.

Христ итгэл (Есүс Христ) гэх тэнгэр бурханы хүү, Мессиа хүн төрөлхтнийг аварна гэх ганц төвт итгэлийг заадаг.  Итгэл нь библи гэх судрыг хэрэглэдэг. Тэр  нь ”Хуучин гэрээ” ба "Шинэ гэрээ” гэсэн 2 ботид хуваагддаг. 1600 жилийн туршид нийт 40 гаруй эш үзүүлэгч, дагалдагч нар бичсэн гэж үздэг юм байна.

"Хуучин гэрээ" уг тэргүүн ботид тэнгэр бурхан ертөнцийг бүтээсэн болон хүнийг хэрхэн бүтээсэн, хүн төрөлхтөн гэмд унасны мөн чанар, тэдгээрээс үүдэх хор уршиг зэргийг өгүүлнэ. Мөн Явэ бурханы сургаал тэнд багтана.

Есүс Христийг мэндэлснээс хойших түүхийг "Шинэ гэрээ" өгүүлнэ. Сайн мэдээний дөрвөн ном, шавь нарын үйлс, чуулгануудад илгээсэн захидлууд, эш үзүүлгийн сэдэвтэй номуудаас бүрдэнэ. Энэ гэрээ нь еврей хэлээр бичигдсэн. Христийн тооллын хоёрдугаар зуунаас латин хэл рүү хөрвүүлсэн байна.  Христ итгэлийг 2,1 тэрбум хүн дагадаг. Энэ нь  дэлхийн хүн амын 33,32 хувь нь гэж тооцдог аж. Христийн шашныг 2000 жилийн түүхтэй гэж судлаачид үздэг. Монгол улсад христийн 196 сүм, 202 санаваартан үйл ажиллагаа явуулж байна гэж ҮСХ мэдээллийн санд дурьджээ.  

Исламын шашин 7 дугаар зуунд арабын элч Мухаммедэд илгээгдсэн гэж үздэг. Энэхүү шашныг шүтэгчийг мусульманчууд гэдэг. Мусульманчууд аллах Мухаммедэд коран судрыг илгээсэн гэж үздэг. Коран сударт тайлагдаагүй ойлгомжгүй зүйлс маш их байдаг. Түүнийг хүмүүс хөгжлийнхөө явцад ойлгож, илүү тодорхой болгоно гэж үздэг аж.

Монгол улсад нийт хүн амын 3-5 хувь нь (мусульманчууд) ийм шүтлэгтэй. Итгэгчдийн дийлэнх нь казак үндэстэн. Баян-Өлгий амгийн хүн амын 88.7 хувь, Ховд аймгийн хүн амын 11 хувь нь дагаж мөрддөг гэсэн мэдээлэл байна. Нэр бүхий аймгуудаас гадна төв суурин газар (Улаанбаатар)-т амьдардаг цөөн тооны мусульманчууд мөн байдаг. Улсын хэмжээнд исламын 24 сүм үйл ажиллагаа явуулдаг. Түүний 18 нь Баян- Өлгий аймагт байрлалтай гэсэн мэдээлэл ҮСХ-ны мэдээллийн санд байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй 1552 лам, санаваартан, шашны зүтгэлтэн байна. Тэдгээрээс 1321 нь буддын шашны лам. Харин 364 сүм хийд үйл ажиллагаа явуулдаг. Сүмийн тоогоор христ (196), дараа нь будда (134), ислам (24) бусад (10орох юм. Завхан, Төв аймагт зөвхөн буддын шашны хийдүүд сүсэгтнүүдэд үйлчилдэг. Мөн  Баян-Өлгий аймаг дагнасан исламын шашны 18 сүмтэй. Харин Говьсүбэр аймаг нэг санваартантай, хоёр христийн сүмтэй аж. Увс, Ховд аймгуудад буддын шашны хийдүүд, исламын болон христийн сүмүүд мөр зэрэгцэн үйл ажиллагаа явуулах юм. Хөвсгөл аймаг буддын шашны 6 хийдтэй, 54 ламтай аж. Харин христийн нэг сүмтэй гэсэн мэдээлэл байгаа боловч тухайн шашны санаваартны талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна. Бусад шашны 10 сүм Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж. Сүм хийд, лам санваартануудын мэдээлэл, байршлыг  шүүрдэн үзлээ. Дээр дурьдсан тоо баримтаас үзвэл буддын шашин хамгийн олон ламтай, христийн шашин хамгийн олон сүмтэй байна. 

Холбоотой мэдээ