Ээж хайрхан ууланд бясалгалын зан үйл хийнэ

Орон нутагт | Говь-Алтай
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-23 16:10:30

“Ээж хайрхан уул" өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршино. Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө “Ээж хайрхан уул” тод ялгардаг.

Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон Ээж хайрхан уулыг 1992 онд УБХ-ын 11 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтад авч улмаар  Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсан байна.

Ээж хайрхан ууланд гадаад, дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон бий. Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой,  9 тогооны эхэндээ бяцхан баян бүрдтэй бөгөөд энэ баян бүрдийг нутгийн хөгшид даяанч ламын зуслан гэлцэн ам дамжин домог болгон яригдаж байдаг. Эдгээрээс гадна  ембүү, мэлхий, эхийн хэвлий, тагтаа, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөн залбирсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна, эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно гэж сүсэглэдэг, Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий. Аймгийн БОАЖГ-аас ирэх долоо хоногт Ээж хайрхан ууланд “Ээжийн элбэрэл” бясалгалын зан үйл хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.     
 

 Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд