Байцаагч нарыг зөвлөн туслагч байх ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-23 15:53:44

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийн эрхлэх асуудлын агентлагуудтай танилцах ажлын хүрээнд өчигдөр МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзаж ярилцан, мэдээлэл өгч, мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэл, улсын байцаагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, чадавхжуулах, сахилга, хариуцлагыг сайжруулах зэрэг чиглэлээр яриа өрнүүлэв. 

Тодруулбал, ажилтан, албан хаагчид сахилга хариуцлага, ажлын зохион байгуулалт, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж ажиллахыг дурьдаад “Улсын байцаагч өндөр мэдлэг, боловсролтой, хүний төлөө, хуулийн төлөө ажилладаг, мэргэжлийнхээ чиглэлээр шалгуулагчдаа зааж, зөвлөн тусладаг ухуулагч, багш нь байх ёстой” гэв.

Мөн хяналт шалгалтын зорилго нь тухайн зөрчил дахин гаргахгүй байхад чиглэх бөгөөд шалгалтын үр дүн, зөрчлийн шалтгааныг судалж, үүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар авч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдлэг, боловсрол олгох шаардлагатайг онцолсон юм.

Түүнчлэн улсын байцаагч, албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулж, энэ чиглэлээр санал, судалгааг гаргуулан, тогтвортой бодлого боловсруулж, хэрэгжүүлэн ажиллана гэлээ. 

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд