Хятадад таксигаар үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн сард 85 хувиар цөөрчээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-06 13:06:41

Бээжин /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар тархаад байгаатай холбоотойгоор Хятад улсын зам тээврийн салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, зам тээврийн урсгал буурсан талаар тус улсын ЗТЯ-ны дэд сайд Лю Сяомин өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

            Тухайлбал, өнгөрсөн 2-р сарын байдлаар Хятад улсад таксигаар үйлчлүүлэгчдийн тоо 85 хувиар цөөрсөн үзүүлэлт гарсан байна. Улмаар Хятадын ЗТЯ-наас таксины үйлчилгээ үзүүлэгчдэд шат дараатай хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

            Мөн төмөр зам, авто зам, усан зам, иргэний нисэхийн салбарын зорчигч тээвэрлэлт 79.9 хувиар, бараа тээвэрлэлт 26.5 хувиар тус тус буурсан байна. Улмаар ачааны том тэрэгний болон таксины жолоочдын орлого их хэмжээгээр буурчээ.

            Лю Сяомин энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа талаараа “ЗТЯ-ны зүгээс Бээжин, Шэньжэн, Ухань хотууд болон Жөзянь муж зэрэг газарт энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих зорилгоор хамтран хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замыг эрэлхийлж байна. ЗТЯ-наас такси үйлчилгээний салбарын хөгжлийг хангах үүднээс холбогдох татвар хураамжид оновчтой хөнгөлөлт үзүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээг авна” гэв.  

                

Холбоотой мэдээ