Иран улсаас Хятадын Ганьсу мужид ирсэн 11 хүнээс коронавирусний халдвар илэрчээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-06 13:33:40

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ганьсу мужид өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр шинээр коронавирусний халдвар авсан 11 хүн бүртгэгджээ.

Эдгээр иргэн Иран улсаас нисэх онгоц хөлслөн нутаг буцсан Хятад иргэд юм байна. Ийнхүү сүүлийн 16 өдрийн хугацаанд шинээр халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байсан тус мужид нэгэн зэрэг 11 хүн бүртгэгдсэн байна. Мөн дээрх иргэдтэй ойр байсан 300 орчим хүн байгаа аж.

Мужийн Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, энэ сарын 2-ны өдрийн 20:00 цагаас 5-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд Иран улсаас 311 хятад иргэн тус мужийн төв Ланжоу хотод иржээ. Эдгээр иргэдийг халдвар авсан нь тогтоогдохоос өмнө тус мужид халдвар авсан нийт 102 тохиолдлыг бүртгээд байсан юм.

Иран улсаас Ланжоу хотод ирсэн эхний нислэг болох 4-ний өдрийн нислэгээр 146 хятад иргэд ирсэн бөгөөд зорчигчдын ихэнх нь оюутнууд байжээ. Хоёр дахь нь буюу 5-ны өдөр ирсэн нислэгээр 163 хятад иргэн эх орондоо ирсэн байна.

Ланжоу хотын шинэ дүүргийн эмнэлэгт зорчигчдыг тусгаарласан бөгөөд холбогдох арга хэмжээг авч байгаа юм байна. Одоогоор Иран улсад ажиллаж, амьдардаг 2000 орчим хятад хүн байгаа гэсэн албан бус мэдээлэл гараад байгаа бөгөөд эдгээр иргэд ч цаашид халдвар авах, цаашлаад эх орондоо халдвар тараах эрсдэл их байна.

Иран улсад одоогоор халдвар авсан 3513, нас барсан 107 тохиолдол бүртгэгдээд байна.  

    

Холбоотой мэдээ