"COVID-19"-ийн дэгдэлттэй улс орнуудад 12 тэрбум ам.доллароор туслана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-03-04 18:20:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банк "COVID-19" тархсанаас эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэл бэрхшээл учирч буй улс орнуудад 12 тэрбум ам.долларын яаралтай тусламж үзүүлэхээр шийдвэрлэв. 

Дэлхийн банкны мэдээнд дээрх тусламжийг эхний ээлжийнх гэдгийг онцлоод, энэ санхүүжилт нь короновирусний тархалтын эсрэг болон үүнээс үүдэлтэй нөлөөллийг бууруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ авахад нь гишүүн улс орнуудад туслаж буй дэмжлэг юм гэжээ. 


Санхүүгийн энэхүү яаралтай тусламжаар дамжуулан, халдварт өвчний голомтот тархалтаас хүн амыг сэргийлэх зорилгоор оношилгоо, тандалтыг сайжруулна гэж үзэж байна.


Ингэснээр эрүүл мэндийн системийг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх юм. Мөн хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар "COVID-19"-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад нь хөгжиж буй улс орнуудад туслалцаа үзүүлж байна гэжээ. 

Санхүүгийн тусламжийг Олон улсын хөгжлийн ассоциац (ОУХА), Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (СБХОУБ) болон Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) гаргаж бүрдүүлжээ. Санхүүжилтийн багц нэгдсэн зохицуулалтын дор, тусламж шаардлагатай улс орнуудад очино. Эхний ээлжийн хямралын нөөцийн шугамаар, яаралтай тусламжийн хэлбэрээр олгогдох 12 хүртэлх тэрбум ам. долларын 8 тэрбум нь шинэ санхүүжилт аж. 

Санхүүжилтийн тодорхой хэсгийг бодлогын зөвлөгөө өгөх, олон улсын болон тухай тухайн улс, орны мэргэжилтний мэдлэг, туршлагыг дайчлах замаар үзүүлэх техникийн туслалцаанд зориулна.



“Бид тусламжаа "COVID-19"-ийн тархалттай тэмцэж байгаа хөгжиж буй улс орнуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шуурхай, уян хатан байдлаар үзүүлэхээр ажиллаж байна” хэмээн Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс мэдэгдэж байна. “Энэхүү тусламж нь Дэлхийн банкнаас хямралын үед тусламж үзүүлэхэд ашигладаг санхүүжилт, бодлогын зөвлөмж болон техникийн туслалцаа зэргээс бүрдэж буйг тэрээр онцлов.


Санхүүжилтийн багцын хүрээнд, ОУХА-аас бага орлоготой улс орнуудад буцалтгүй тусламж болон бага хүүтэй зээл олгох бол Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк дунд орлоготой улс орнуудад зээл олгоно. Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, ажлын байрыг тогтвортой хадгалахад нь шаардлагатай дэмжлэгийг Дэлхийн банкны группийн хувийн хэвшилтэй ажилладаг байгууллага ОУСК харилцагчиддаа үзүүлнэ гэж Дэлхийн банкны мэдээнд дурджээ.  


Холбоотой мэдээ