Өндөр настан Ж.Дашдаваа нэг сая төгрөг ЭМЯ-нд хандивлалаа

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-02-29 14:36:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр настан Ж.Дашдаваа өөрийнхөө болон гэргийнхээ тэтгэврийн мөнгийг нэгтгэн нэг сая төгрөгийг ЭМЯ-нд өнөөдөр хандивлалаа.

Тэрбээр хэлэхдээ, “Монгол түмэн маань аливаа бэрхшээлийг давж туулсаар ирсэн. Манай төр засгаас тогтоосон дэг журам, зарлиг, шийдвэрийг ард түмэн сайнаар хүлээж авч биелүүлж, хүндэтгэж байгаа нь сайн хэрэг. Иргэн бүр эрх, үүрэг, хариуцлагатай. Дэлхий дахинд тархаж буй халдварын эсрэг хүн бүр хүчээ нэгтгэн тэмцэх хэрэгтэй” гэлээ.


Ташрамд дурдахад, Улаан загалмай нийгэмлэг дэлхий дахинд коронавируст халдварын ид дэгдэлтийн үед эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг болгон 3000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг ЭМЯ-ны удирдлагуудад гардуулав.

Мөн “Ковид-19” халдварыг Монгол Улсдаа оруулж ирэхгүй, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эксклюзив брэнд оёдлын үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэддээ зориулан 1000 ширхэг амны хаалтын бүрэн бэлэн болсон эсгүүр болон эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагч мэргэжилтэнд зориулсан хамгаалалтын хувцас зэргийг өгч туслалцаа үзүүлсэн юм.

 Б.Содгэрэл

Холбоотой мэдээ