Эмч нар эсэргүүцлийн цуглаан хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 17:33:58

Дорнод аймгийн БОЭТ-ийн эмч, сувилагчид эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Уг эсэргүүцлийн жагсаал улс орон даяар нэгэн цагт буюу 13 цагт эхэлжээ. Шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хуулинд тусгагдсан эмч нарт хариуцлага тооцох хуулийн заалтыг тэд эсэргүүцэж байгаа юм.

2015 оны 12 сарын 03-нд баталж энэ оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн 15,1-д заасан “ эмнэлгийн мэргэжилтэн хүнд болгоомжгүйгээр хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эрх хасч, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял онооно” гэсэн заалт, хохирогч нас барсан бол мөн адил арга хэмжээ авна гэж хуульчилсан нь амьдралд нийцэхгүй хууль болсон гэж тэд үзэж байна.

Дээрх заалтуудад ямар нэгэн хөнгөрүүлэх үндэслэл буюу тэнсэн харгалзах боломжгүйгээс гадна жирийн иргэдийн үйлдсэн хэргээс ч хүнд ялтай байгааг дурдаж байсан. Тухайлбал иргэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулбал 1 жил хүртэлх хугацаагаар эрх хасч 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах буюу 1 сараас 3 жил хүртлэх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж 11.3-т заажээ. Гэхдээ энэ ял тэнсэх боломжтой. Мөн иргэн 15.-ийн 2.2-т “дээрх болгоомжгүй үйлдлээс хохирогч нас барсан бол 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 1-5 жилээр хорих /тэнсэх боломжтой/ заалт байх жишээтэй.

Энэхүү хууль нь эмч, эмнэлгийн ажилтнуудад хатуудсан, ажиллах боломжгүй айдас автуулах хууль боллоо гэж үзэж эсэргүүцлийн арга хэмжээг орон даяар зохион байгуулжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ