Хятадад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2345 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-02-22 09:59:01

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 76 мянга давж, 2345 хүн нас барсан бол 20659 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлэв.


Хятадад нэг хоногийн дотор коронавирусний халдварын 397 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2393 хүн эмнэлгээс гарсан байна. Харин нас барсан 109 тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар сэжигтэй 1361 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвчтөнүүдтэй ойрын хавьталтай байсан 113 500 хүн эмнэлгийн хяналтад байна.


Халдварын голомт болох Хубэй мужид нэг хоногийн дотор 366 шинэ тохиолдол /Ухань хотод 314/ бүртгэгдэж,  1767 хүн /Уханьд 992/ эмнэлгээс гарсан бол 106 хүн /Уханьд 90/ нас баржээ.  Тус мужид тархалт эхэлснээс хойш нийт 63 454 хүн халдвар авч, 47 647 хүн өвчилснөөс 10 892 хүний биеийн байдал хүнд байгаа аж.


Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт 68 хүн халдвар авсан бөгөөд тэдний хоёр нь нас барж, зургаа нь эдгэрчээ. Макаод халдварын 10 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн эмнэлгээс гарсан бол Тайваньд 26 хүн халдвар авч, нас барсан нэг тохиолд бүртгэгдэж, хоёр хүн эдгэрчээ.


Холбоотой мэдээ