Төрд хохирол учруулсан компаниудыг зарлав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-02-17 13:22:52
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс орон нутагт чанаргүй ажил гүйцэтгэсэн, төрөөс авсан мөнгийг зориулалтын бусаар ашигласан, баталгаат хугацаанд доголдол үүссэн зэрэг төрд ямар нэгэн байдлаар хохирол учруулсан компаниудыг танилцууллаа.  

Тавдугаар хороололд авто замын ажил гүйцэтгэсэн “N” ХХК төрд 246 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд явж байна.

Мөн 2-28 дугаар байрны инженерийн шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн “Эрдэнэчандмань” ХХК төрд 64 сая төгрөгийн хохирол учруулжээ. Шахмал түлшний үйлдвэр байгуулахаар “Эльбрус трейд” гэх компани аймгийн төсвөөс 74.8 сая төгрөгийг авч зориулалтын бусаар зарцуулсан байна.

Их шүтээн цогцолборыг тохижуулхаар “Үйзэн өргөө” ХХК  75.3 сая төгрөг, “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ  15 сая төгрөгийг төрөөс авч зориулалтын бусаар ашигласан нь тогтоогджээ. Дээрх байгууллагууд  2012-2016 оны хооронд  ажил гүйцэтгэсэн бөгөөд  шүүхэд хэрэг нь шилжжээ. 

 

 

Холбоотой мэдээ