Сингапурт коронавирусний тархалтаас “нэг алхмын өмнө” бодлого баримталж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-11 16:26:22
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийт хүн амын 35 хувийг гадаад улсын иргэд эзэлдэг Сингапур Улс шинэ төрлийн коронавирусний халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар Сингапур дахь Дипломат корпусын төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн байна.


Бүгд Найрамдах Сингапур Улсад 2 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн тохиолдол 45 бүртгэгдээд байгаа юм. 5,6 сая хүн амтай улс энэхүү тоог аюултай хэмжээнд хүрч байна гэж үзэж байгаа бөгөөд 2 дугаар сарын 7-ноос өвчний дэгдэлтийн нөхцөл байдлыг "улбар шар" түвшинд шилжүүлжээ.


Тус улс дахь Дипломат төлөөлөгчийн газруудыг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд олныг хамарсан хурал цуглаан зохион байгуулахгүй байх, товлогдсон үйл ажиллагаануудын товыг хойшлуулж, цуцлахыг уриалсан байна. Түүнчлэн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй хуурамч мэдээлэлд автахгүй байх, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй албан ёсны мэдээлэл, заавар, зөвлөгөөг дагахыг уриалжээ.


Өвчний дэгдэлтийн байдал улбар шар түвшинд шилжсэнтэй холбогдуулж олон нийтийн дунд үймээн үүсэж, дэлгүүрүүдэд хүнсний болон ахуйн хэрэглээний өдөр тутмын бүтээгдэхүүний хомсдол үүссэн нь олон нийтийн хэтрүүлгээс шалтгаалсан зүйл хэмээн тайлбарлаж, эдгээр төрлийн бүтээгдэхүүний нөөц хангалттай байгааг мэдэгджээ.


Сингапурын Засгийн газраас өрх бүрт үнэ төлбөргүй тарааж буй амны хаалтыг гадаад улсын иргэд ч авах боломжтой бөгөөд ингэхдээ оршин сууж буй албан ёсны хаягийг нотлох баримт бичгээ үзүүлэх шаардлагатай аж.


Тус улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусний тархалтаас “нэг алхмын өмнө” байх бодлого баримталж байна. Халдварын тархалтын гинжин холбоог нарийвчлан шалгаж тархалтыг барьж, зогсоох арга хэмжээ авч байгаа бөгөөд эмнэлгийн үйлчилгээ, нөөц бололцоог үр дүнтэй ашиглахад анхаарч байгаа юм. Үүний зэрэгцээ нөхцөл байдлын талаарх мэдээллийг олон нийтэд бодит, ил тод, шуурхай байдлаар хүргэхэд онцгой анхаарал хандуулж байгааг  албаны хүмүүс тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ