Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх Ажлын хэсэг сумдад ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-02-06 12:08:15

Дорноговь /МОНЦАМЭ/. Өмнөд хөршид дэгдсэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, зөвлөмж мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг энэ оны 02 дугаар сарын 03-04-нд хөдөөгийн зарим суманд ажиллалаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн эрсдэл бүхий Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд суманд урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь заавар зөвлөмж өгсөн юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Засаг даргын Тамгын газраас холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэл бүхий Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэрүүд, улсын Онцгой комиссын 01, 02 дугаар хурлын тэмдэглэл, улсын Онцгой комиссын болон аймгийн Онцгой комиссын 01 албан даалгавар, түүний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумд тодорхой чиглэлийн дагуу  ажиллаж байна.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдад тусгаарлах өрөөг бэлтгэж, аймгийн хэмжээнд зайлшгүй шаардлагатай эм болон хүнсний хангалтыг буй болгох чиглэлээр ажиллаж байна.

  

Холбоотой мэдээ