Монголчуудын их зорчдог улсууд ямар арга хэмжээ авч байна вэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-06 11:03:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын хамгийн ихээр зорчдог улс орнууд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомтууд дээрээ дараах арга хэмжээг авч байна. 


ОХУ

2020 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улс, ОХУ-ын улсын хилийн Эрээнцав – Соловьевск (авто зам), Сүхбаатар – Наушки, Цагаан нуур – Ташанта, Алтанбулаг – Хиагтын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг түр хязгаарласан. Түүнчлэн, 2020 оны 2 дугаар сарын 4-өөс эхлэн агаарын хилийн боомтоор БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ирж буй гадаад иргэдийг нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарлажээ. Харин, Москва хотын “Шереметьево” шалган нэвтрүүлэх боомтоор Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын иргэд, онгоцны багийн гишүүд, албан ёсны зочид төлөөлөгчид болон тус улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийг зөвхөн нэвтрүүлэх юм байна.


БНСУ

БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт зорчсон БНСУ болон гадаадын иргэд, БНХАУ-аас шууд болон гуравдагч орны нутаг дэвсгэрээр дамжин БНСУ-д ирэх тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй. БНХАУ болон бусад гуравдагч орноор дамжин ирж байгаа солонгос болон гадаадын иргэдийг БНСУ-ын хилээр тусгай журмын дагуу нэвтрүүлнэ. Тодруулбал, иргэдийг тусгай гарцаар гаргах бөгөөд БНСУ-д оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг газар дээр нь шалгаж, нягтална.


АНУ

2020 оны 2 дугаар сарын 2-ноос хойш БНХАУ-д зорчсон гадаад иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй. Иймд АНУ-д зорчихдоо БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжихгүй байхыг анхаарна уу.


Япон

2020 оны 2 дугаар сарын 1-нээс сүүлийн 14 хоногт БНХАУ-ын Хубэй мужид зорчсон гадаадын иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй.


Австрали

БНХАУ-д сүүлийн 14 хоног зорчсон гадаадын бүх иргэдийг нэвтрүүлэхгүй. Түүнчлэн тус улсын “Qantas Airways” агаарын тээврийн компани 2020 оны 2 дугаар сарын 9-нөөс 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Бээжин, Шанхай чиглэлийн нислэгүүдээ зогсоож, харин Хонконг руу нислэгээ хэвийн үргэлжлүүлж байна.


Вьетнам

2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс БНХАУ-ын болон тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдэд виз олгохгүй.


Сингапур

БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон бусад орны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй ба дамжин өнгөрүүлэхгүй.


Хонконг

БНХАУ-тай залгаа хилээ хаахгүй, эх газрын Хятадаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн хөл хорионд оруулна.


Индонез

2020 оны 2 дугаар сарын 5-наас эхлэн БНХАУ-тай зорчигч тээврийн харилцаагаа бүрэн зогсоосноос гадна Хятадын иргэдэд виз олгохоо зогсоогоод байна.


БНХАУ-д энэ сарын 6-ны өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 28018 хүрч, нийт 563 хүн нас барсан бол эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 1153 хүрсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ