“Boeing” 10 тэрбум ам.доллар зээлэхийг эрмэлзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-21 13:05:16

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани 10 тэрбум гаруй ам.долларын зээл авахаар банкнуудтай хэлэлцээ хийж байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ. “Boeing”-ийн хоёр нисэх онгоц осолдсоны улмаас тус компанийн зардлууд нэмэгдэхэд хүрчээ.


CNBC” сувгийн даваа гарагт мэдээлснээр, “Boeing” 6 тэрбум ам.долларыг банкнуудаас хэдийн зээлсэн бөгөөд нэмж зээл авахаар өөр бусад зээлдүүлэгчтэй хэлэлцээ хийж байгаа ажээ. Уг мэдээллийг “Reuters” агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж баталсан боловч “Boeing” хэдий хэмжээний хөрөнгө босгохыг эрмэлзэж байгаа талаар дурдаагүй байна.  


Boeing” компаниас дээрх мэдээнүүдийн талаар лавлахад хариу өгөөгүй аж. Индонез, Этиопт осолдсон “737 MAX” загварын нисэх онгоцны нислэгийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш дэлхий даяар зогсоосон бөгөөд уг онгоцоор хэзээ дахин нислэг үйлдэх нь тодорхойгүй байгаа юм.  


АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газар “Boeing”-ийн хамгийн өндөр борлуулалттай “737 MAX”-ын нислэгийг ирэх гуравдугаар сар хүртэл зөвшөөрөх төлөвгүй байгаагийн зэрэгцээ цаашид сунгаж ч магадгүй байгаа талаар “Reuters” өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн байна. 


Мэргэжилтнүүдийн тооцоогоор “737 MAX”-ын нислэгийг зогсоосноор “Boeing” сар тутам 1 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа аж. Мөн “Boeing” компанид 2019 онд ирсэн захиалгын хэмжээ олон жилийн турш бүртгэгдээгүй бага хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Америкийн “American Airlines”, “Southwest Airlines” агаарын тээврийн компани “737 MAX” онгоцоор ирэх зургадугаар сарыг хүртэл нислэг үйлдэхгүй гэдгээ мэдэгджээ. 

Холбоотой мэдээ