Сувилахуйн тусламж үйлчилгээний төвтэй боллоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-01-18 20:14:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хагалгаа болон гэмтлийн дараах гэрээр сувилахуйн асаргаа үйлчилгээ үзүүлэх Эван төв нээлтээ хийлээ. Өндөр настан, зорилтот бүлгийн иргэдэд сувилахуйн тусламжийг гэрээр нь очиж үзүүлэх эмч, сувилагч нараас бүрдсэн сайн дурын тус хамт олны үйл ажиллагаа нь улсдаа эл төрлөөрөө түүчээ болж буй төсөл аж.

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албанаас гэрээр сувилахуйн үйлчилгээ үзүүлэхэд багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй, дутагдалтай байдлаа учирлан аймгийн Засаг даргад ханджээ. Улмаар Засаг дарга Г.Батжаргал “Наран мандал энтерпрайзес” ХХК-д нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх санал уламжилснаар тус компани 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, дээрх санхүүжилтээр албан хэрэгцээний автомашин болон шаардлагатай 20 төрлийн 32 тоног төхөөрөмж, эм тариаг нийлүүлжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга Г.Батжаргал, “Наран мандал энтерпрайзес” ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Фишер болон аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч сувилагч нар, Сувилахуйн албаныхан оролцлоо.