Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхээр нөлөөллийн ажил зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-17 11:20:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяны хүрээнд Говь-Алтай аймгийн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхээр нөлөөллийн ажил зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагааг тус аймагт Говь-Алтай аймаг дахь Монгол банкны салбар, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах албаны нэгжүүд хариуцан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж буй ажээ. Тодруулбал, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох сургалт, сурталчилгаа болон тэдэнд хүртээмжтэй байдлыг бий болгох үүднээс залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон талын мэдээ мэдээллийг хүргэж байна.

Залилах гэмт хэрэг 2017 онд 2996, 2018 онд 5372 бүртгэгдэн шалгагдаж байсан бол 2019 онд 7821 болж бүртгэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд хохирогч иргэн, хохирлын хэмжээ дагаад өсч байдаг бөгөөд 2018 онд 9 тэрбум 900 сая төгрөгийн хохирол иргэдэд учирсан бол 2019 онд 13 тэрбум болж өссөн үзүүлэлттэй байгааг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас онцлон мэдээлэв. Иймээс иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилангийн гэмт хэргийг бууруулах улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалахад аяны зорилго оршиж буй ажээ.


Холбоотой мэдээ