Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-01-15 14:29:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх энэ оны анхны сургалтыг  Монгол, Япон сургалтын эмнэлгийн захиалга, санхүүжилтээр өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.

ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах ” төслийн хүрээнд тус сургалтыг 2016 оноос жил бүр зохион байгуулж буй юм.

Энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх энэ удаагийн сургалтад тус сургуулийн эмнэлгийн Ерөнхий захирал Х.Алтайсайхан, эмнэл зүйн эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэг, Уламжлалт анагаах ухааны асуудал эрхэлсэн дэд Б.Лагшмаа, Зүрхний төвийн эрхлэгч Ө.Цолмон тэргүүтэй 24 их эмч суралцаж байна.

Сургалтыг эмнэл зүйн чиглүүлэгч багш Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм, шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид, ХСҮТ-ийн их эмч Т.Лхагва-Очир, ЭХЭМҮТ-ийн их эмч Г.Сансар, Улсын нэгдүгээр эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх нар удирдаж байна.

Энэ сургалтад суралцсанаар төгсөлтийн дараах сургалтын сэдэв, зорилго, зорилт тодорхойлох, төлөвлөгөөг боловсруулах арга зүй, заах, багшлах арга зүйг эзэмших, суралцагчийг үнэлэх үнэлгээний арга зүйд  суралцажМонгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний суурь чадавхийг сайжруулах ач холбогдолтой юм.

Ташрамд дурдахад, 699 их эмч, сувилагчийг эмнэл зүйн сургагч багшаар бэлтгээд байна.


Холбоотой мэдээ