Ачит нуураас зөвшөөрөлгүй загас агнасан иргэдэд хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-14 22:35:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тус аймгийн Бугат, Ногооннуур, Алтанцөгц сумын нутаг дэвсгэрт энэ сарын 11, 12-ны өдөр хяналт шалгалт хийжээ.

Уг хяналт шалгалт нь Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Амьтны тухай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийн байдлыг газар дээр нь шалгах зорилготой аж.

Шалгалтын явцад Ногооннуур сумын нутаг дэвсгэр дэх Ачит нуураас зөвшөөрөлгүйгээр загас агнасан гурван зөрчлийг илрүүлж, зөрчил гаргагч иргэн бүрийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 150000 төгрөгөөр торгожээ. Мөн агнасан загаснуудыг хурааж, ширхэг бүрт 10000-14000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна. Харин загас барихад ашигласан мөсний өрөм, загасны уурга зэрэг хэрэгслийг улсын орлого болгожээ.

Иймд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загасчлахгүй байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ