Тэмцээний явцад зөрчил гаргаж эрхээ хасуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-13 16:54:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Спортын бүрэн дунд сургууль дээр амжилттай болжээ.

Тус тэмцээний эрэгтэй ангилалд Сүхбаатар сумын тамирчин С.Сундуй түрүүлж Мандал сумын тамирчин Х.Түмэнхүслэн удаалсан бол эмэгтэй ангилалд Цагааннуур сумын тамирчин Б.Хулан түрүүлж, Орхон сумын тамирчин Б.Март удаалжээ.

Мөн насанд хүрэгчдийн ангилалд 80 насыг шүргэж яваа н.Дашбалжир гуай 7-р байрт шалгарсанд тэмцээний зохион байгуулагч Э.Оюунболд ихэд сайшаан өөрийн зүгээс гарын бэлгээ гардуулсан байна. Уг тэмцээний ялагчид удахгүй Сэлэнгэ аймгаа төлөөлөн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Энэ удаагийн тэмцээнээс нэг тамирчин эрхээ хасуулсан гутамшигт явдал гарсан гэв. Учир нь тэрээр тэмцээний тоглолтын явцад гар утасныхаа шатрын програм ашиглаж өрсөлдөгч нараа луйвардан хожсон зөрчил гаргажээ. Иймээс түүний уг тэмцээний бүх хожлыг 0 болгож, Сэлэнгэ аймгаас зохион байгуулж байгаа бүх тэмцээнд хоёр жилийн хугацаанд оролцуулахгүй байхыг мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ