Хүүхдүүд өөрсдийн гараар урласан даавуун торыг хэрэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-13 16:25:54

Завхан /МОНЦАМЭ/.Завханы Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ лаборатори нэгдүгээр сургууль хүүхдүүдийн өмсдөггүй хувцсаар даавуун тор хийж сайн туршлагыг нэвтрүүлжээ. Тус сургуулийн 1100 гаруй хүүхэд гялгар уутнаас татгалзжээ.

Тус сургуулийн технологийн багш Ч.Цэцэгдэмбэрэл сургуулийнхаа охидыг зохион байгуулалтад оруулж технологийн хичээлээр дамжуулж ямар ч зардалгүйгээр сургуулийнхаа 1100 хүүхдийг даавуун тортой болгожээ.  Хүүхдүүд технологийн багшийнхаа саналыг дэмжиж хамтран өөрсдийн багадсан болон өмсдөггүй хувцсаар өдөр тутамдаа хэрэглэх даавуун торыг урлажээ. Тухайлбал бага ангийн хүүхдүүд дуртай үлгэрийн баатруудын зураг, ахлах ангийн хүүхдүүд сонирхдог зүйлийнхээ гэрэл зургийг даавуугаар хийж чимэглэжээ. 

Өнөөдрийн байдлаар 3-9 дүгээр ангийн 270 гаруй хүүхэд технологийн хичээл дээрээ өөрсдийн гараар даавуун торыг урлажээ. Хүүхдүүд өөрсдийн өмсөх дуртай хувцсыг багадсан ч гэлээ хаях дургүй байдаг. Тиймээс энэ хувцсаар нь тэдний байнгын хэрэглээ болгож өөрсдийнх нь хүссэнээр чимэглэж хамтдаа даавуун тор оёх нь үнэхээр үр дүнтэй ажил болсон. Мөн гялгар уутнаас татгалзах хүүхдүүдийн хэрэгцээнд тохирсон ажил болсон тухай тус сургуулийн технологийн багш мэдээллээ.

Харин хүүхдүүд энэхүү торыг биеийн тамирын хичээлтэй үедээ ашиглахаас гадна хичээлээс бусад өдрүүдэд ч хэрэглэдэг болсон. Мөн өрхийнхөө хэрэгцээнд зориулж хоёроос гурван даавуун торыг өөрсдийн гараар урлан хэрэглэж байгаагаа дуулгав. Ташрамд, тус сургууль хогоо ангилж ялгах хогийн савтай бөгөөд сургуулийн хүүхдүүд хичээлийн үеэр хогоо ангилан ялгаж хэвшихээс гадна гэр бүлийнхээ дадлыг ч өөрчилж байгаа аж. 

Холбоотой мэдээ