Зээлгүй ахмадуудад олгох үнэт цаасыг ирэх оны тавдугаар сард гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-09 18:05:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулжээ. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тодруулбал, тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядуурах, өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байгаа юм.


Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд болон хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураав. Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох санал гаргасныг олонх дэмжлээ.  Уг үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 1-нд гаргах аж. Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээл төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр хязгаарлах, нэг сая төгрөгөөс доош зээлтэй ахмадуудад зөрүү төлбөрт ногдох үнэт цаас олгох, ахмадууд жилд нэг удаа зургаан сарын тэтгэврийн зээл авах эрхтэй байх зэрэг санал гаргасныг олонх дэмжлээ.


Ийнхүү хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ