Хөвсгөл аймаг “Үндэсний бичгээ дээдлэн дэлгэрүүлэгч аймаг” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-08 17:47:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн 2019“ улсын уралдаанд Хөвсгөл аймгаас 3600 гаруй  багш, сурагч, иргэд  оролцож,  дөрвөн төрлийн ангилалд тэргүүн байрыг хүртэж тус аймаг “Үндэсний бичгээ дээдлэн дэлгэрүүлэгч аймаг” шагналыг хүртлээ.

Тус аймаг монгол хэл бичгээ түгээн дэлгэрүүлэх “Эх хэл бичиг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж жил бүр Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд идэвх санаачилгатай бусад аймгаа манлайлан оролцож байгаа юм. Мөн аймгийн Засаг даргын тамгын газар төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор монгол бичгийн хичээлийг зааж төрийн албан хаагчдыг чадавхжуулж байна. Ийнхүү төрт ёсны он удаан жилийн түүхтэй, хүн төрөлхтний оюуны соёлд үнэт өв болсон монгол бичгээ дээдлэн дэлгэрүүлэх, сурч, хэрэглэх, хүүхэд залуу үеийнхэнд үлгэрлэх, төр, олон нийтийн хэрэглээтэй бичиг болгохын төлөөх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, 21 аймгаа манлайлан, санаачилгатай ажиллаж буйг нь үнэлж "Үндэсний монгол бичгээ дээдлэн дэлгэрүүлэгч" аймгаар батламжилсан ажээ.

 

 

Холбоотой мэдээ