АНУ-ын цэргүүдэд TikTok хавсралт хэрэглэхийг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. АНУ-ын Зэвсэгт хүчин алба хаагчдадаа TikTok хавсралт хэрэглэхийг хоригложээ. Уг хавсралтаар дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлдаг байж магадгүй гэж АНУ-ын эрх баригчид хардаж байгаа юм.
"Military.com" цахим хуудсанд мэдээлснээр, TikTok хавсралт нь АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна гэж үзэж байгаа учраас албаны утсанд ашиглахыг хоригложээ. Ийм шийдвэрийг нийгмийн уг сүлжээний аюулын талаар АНУ-ын Батлан хамгаалах яам 12 дугаар сарын 16-нд сэрэмжлүүлэг гаргасантай холбогдуулан гаргасан байна. Америкийн цэргүүд уг программыг хувийн гар утсандаа ашиглаж болох аж. Гэхдээ мэдээлэл алдагдахаас зайлсхийхийн тулд болгоомжтой байхыг зөвлөжээ.
TikTok нь хэрэглэгчид богино хэмжээний хөгжилтэй дүрс бичлэг бүтээж, үзэх зориулалттай, Хятадын нийгмийн сүлжээ юм. CNN телевизээр мэдээлснээр, Хятадын эрх баригчид TikTok -ийг улсынхаа Тагнуулын газартай хамтарч ажиллахыг шаарддаг байж магадгүй гэж АНУ-ын эрх баригчид сэжиглэж байгаа аж. TikTok-ийн удирдлагууд үүнийг няцаагаад америк хэрэглэгчдийнх нь мэдээлэл АНУ-д хадгалагддаг бөгөөд мэдээллийг дэлгэх асуудал Хятадын хууль тогтоомжоор зохицуулагддаггүй гэж мэдэгдсэн байна.